Голын усанд дошин үүсгэж, хавар тариалангийн талбайгаа услахад ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-27 15:14:18
Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумын тариаланчид өвлийн улиралд Тээлийн голын усанд халиа дошин үүсгэж ус нөөцлөн түүнийгээ хаврын тариалалтандаа ашигладаг байна. Тэд өвлийн улиралд хөлдсөн голын мөсийг хагалж, урсацыг эргэн тойронд тараан, зузаан мөсөн бүрхүүл үүсгэдэг бөгөөд энэ нь зургадугаар сар хүртэл хайлдаггүй тул газар тариалангийн талбайгаа услах зориулалтаар ашиглах боломжтой байдаг аж.
“Халиа дошин үүсгэх ажлыг 12 дугаар сараас эхлэн гуравдугаар сарын 20-ыг хүртэл үргэлжлүүлдэг. Ингэснээр зургадугаар сар өнгөртөл шахам хэсэг хугацаанд ашиглах усны нөөцөө бүрдүүлдэг. Өвөл тогтсон усны мөсийг хавар үр ашиггүй урсгалгүй, газар тариалангийн ажилдаа ашиглах зорилгоор жилдээ 7-8 удаа дошин үүсгэх ажлыг хийдэг. Өвлийн улиралд халиа дошин үүсгэх нь голын ус татрахгүй байх нөхцлийг бүрдүүлэхээс гадна усны урсацыг нэмэгдүүлэхэд ач тустай” хэмээн Наранбулаг сумын Ус хэрэглэгчдийн холбооны тэргүүн Б.Тэрбиш хэллээ.
Тээлийн гол орчим Улаангом, Тариалан, Наранбулаг сумдын 200 орчим иргэн газар тариалан эрхэлдэг гэсэн албан бус тоо байна. 2014 онд Наранбулаг сумын тариаланчид нэгдэж Ус хэрэглэгчдийн холбоо байгуулснаар усыг үр ашигтай зарцуулах, тариаланчдынхаа эрх ашгийг хамгаалах талаар анхаарч ажиллах болсон байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ