“Хөх манхан тэнгэртэй Цагаан уулынхан” нэртэй эмхэтгэл удахгүй уншигчдад хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-29 18:40:43

Завхан/МОНЦАМЭ/. Завхан нутгаас төрөн гарсан үе үеийн зохиолч, яруу найрагчдын шигшмэл шүлгийн “Хөх манхан тэнгэртэй Цагаан уулынхан” нэртэй  эмхэтгэл хэвлэлтэнд ороход бэлэн болжээ.

Энэ удаагийн эмхэтгэлийг Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Залуу яруу найрагч Б.Баяржавхлан болон Завхан судлал төвөөс хамтран санаачилж эмхэтгэж байгаа ажээ.
Бүтэн жарныг элээсэн буурал түүхт Утга зохиолын нэгдлээс анх 1957 онд “Хангай нутгийн баясгалан” нэртэй эмхэтгэл гарсанаас хойш хамгийн сүүлд 2003 онд “Хулангийн унага” нэртэй эмхэтгэл гарсан бөгөөд энэ удаагийнх нь тав дахь томоохон бүтээл болж байгаа юм байна.
Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангаас эхлээд Ламзавын Ванган, Донровын Намдаг, Дорлигийн Дагва, Жигжидийн Бямбаа, Пунцагийн Рэнжин, Дагвын Жамъян, Шагжийн Ванчаарай, Дэмчигийн Самдан, Боожийн Түдэв, Бороохойн Батхүү, Хасвайн Лхасүрэн, Лавайн Энхсайхан Цогдоржийн Бавуудорж тэргүүтэй үе үеийн нэрт зохиолч, яруу найрагч, нийгэм соёлын алдарт зүтгэлтнүүд, шинэ залуу бүтээн туурвигчдынхаа бүтээлийн дээжийг сударлан өлгийдөж тун удахгүй дуусах гэж байна. 

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ