“Алтан хальс” олон улсын индепендент кино наадмын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2018-03-31 12:30:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алтан хальс”  холбооноос  6 дахь жилдээ “Алтан хальс индепендент кино
наадам”-ыг  6 дугаар сарын  2-8-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Тус кино наадмаар бүрэн хэмжээний уран сайхны кинонууд толилуулах бөгөөд дотоод, гадаадын уран бүтээлчид  богино киногоор өрсөлдөнө.
“Алтан хальс” кино наадамд өнгөрсөн жилүүдэд “Алтан бөмбөрцөг” болон Берлиний кино наадмын дээд шагналт Германы найруулагч Фатих Акин, ОХУ-ын Халимагийн найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Тэд тус бүр сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байлаа.

Харин энэ жилийн наадмын уралдаант хэсгийн бүртгэл эхэлжээ. Өрсөлдөх монгол бүтээлүүдийн энгийн бүртгэл 4 сарын 15-нд дуусгавар болох ба эцсийн бүртгэл 5 сарын 1-нд хаагдана. Энгийн бүртгэл 20,000 төгрөг, эцсийн бүртгэл 30,000 төгрөгийн хураамжтай.

Энэ жил дараах таван төрөлд кино бүтээлүүд хүлээн авна.
  • Хүүрнэлт кино
  • Хүүхэлдэйн кино
  • Баримтат кино
  • Экспериментал кино
  • Junior Cinema
​Энэ жилээс эхлэн “Алтан хальс индепендент кино наадам”-д 16-аас доош насны кино урлагт сонирхолтой хүүхдүүд киногоо үнэгүй бүртгүүлэн оролцох боломжтой болсон юм. Бүртгүүлсэн бүтээлүүд нь “Junior Cinema” төрөлд өрсөлдөнө. Энэ төрөлд гадаад бүтээлүүд хүлээн авахгүй. “Junior Cinema”  хэсгийн ялагч 250,000 төгрөг гардах аж.

Бүртгүүлсэн бүтээлүүдийг албан ёсны сонголтоор уралдаант хэсэгт өрсөлдөх эсэхийг шийдвэрлэх юм. Кино наадам ирэх 6 сарын 2-8-нд “iCinema” кино театрт болно. Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах аж. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана.

Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскпериментал кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.



​Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.

Бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлээ бүртгүүлэх бол
altankhalis.com/submission хаягт хандаарай.
 
Б.Хуяг
 

Холбоотой мэдээ