“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-04-02 20:32:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл манай аймагт 2 дах жилдээ амжилттай явагдаж өндөрлөж, төсөлд шалгарсан багууд тодорлоо.

Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, Шилдэг бизнес санаануудыг шалгаруулж гарааны бизнесийг дэмжих зорилготой энэхүү төслийн бүртгэл манай аймагт 2018 оны 03 дугаар сарын 9-26-ны өдрийн хооронд явагдсан.Бүртгэлд нийтдээ 124 залуу бүртгүүлсэнээс 64 залуу хоёрдугаар шатандаа үлдэж 12 багт хуваагдан 54 цагийн сургалтад хамрагдсан аж. Гуравдугаар шатанд 10 баг үлдэж шинэ санаагаа уралдуулжээ.
Шинэ шинэлэг санаагаа уралдуулан өөрийн гэсэн бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй 15-34 насны залуус төсөлд хамрагдсан бөгөөд эхний байранд "JARGALKIDS CASHMERE" баг шалгарч Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр буцалтгүй 10 сая төгрөгийн эзэн боллоо.
Нэгдүгээр байранд шалгарсан тус баг нь нэг жил гаруй хүүхдийн ноолууран хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд хүүхдийн биед таарсан чанартай, эдэлгээ сайтай, загварлаг хувцсыг урлаж хямд өртгөөр борлуулдаг ажээ.
Удаах байруудад “Ногоон шингэн”, “Ургамлын тос”, “Аарцтай бууз”, “Зөгийн балын үйлдвэрлэл” эрхэлдэг залуус шалгарч аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгодог Хөдөлмөр эрхлэлтийн сангаас тус бүр 10 сая төгрөгийг 3 жилийн хугацаанд хүүгүй барьцаагүйгээр авах эрхтэй болсон юм.
Хөдөө орон нутгаас манай аймгийн залууст гарааны бизнесээ өргөжүүлэх боломжийг олгосон “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төсөл 2 дахь жилдээ ийн амжилттай зохион явагдаж өндөрлөлөө.
2017 оны тухайд Зөгийн аж ахуйн төсөл шалгарсан ажээ.
 
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ