Хэнтий аймгийн есөн гайхамшиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-04 22:03:34

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн есөн гайхамшиг гэгдэх түүхэн дурсгалт газруудын талаар уншигч та бүхэндээ танилцуулъя.

1.Бурхан Халдун

Өмнөдэлгэр сумын нутаг дахь ой хөвчит энэ уулын нэр нь анх цайзат бэхлэлт гэсэн утгыг илэрхийлж байснаа XII зууны үед тахилгын газар гэсэн утга санаатай болжээ. Харин XVII зууны үед Монголын түүхчид бурхан гэдэг үгтэй холбон тайлбарласнаас эл үгийн анхын утга мартагдсан байна. Тэмүүжин багадаа хэдэнтээ Гурван мэргэд мэт дайснууддаа мөшгөгдөн дутааж байх үедээ Бурхан Халдун ууланд бүгэн амь гарч байжээ. Тэрээр нэгэнтээ уулнаас бууж ирснийхээ дараа:
Бурхан Халдуныг өглөө бүр тахья
Өдөр бүр мөргөе
Ургийн урагт мэдтүгэй . . .  гэж бүсээ хүзүүндээ тохож, сөгдөн есөнтөө мөргөж байсан нь энэ уулыг хичнээн их шүтэж байсны илрэл буй за.
Бөө мөргөлийн сүсэг бишрэлтэй түүний бодлоор тэр уул зөвхөн сүрлэг том хад хясаа, намаг шавар, ой хөвч ихтэйдээ амийг минь аварлаа гэх бус харин түүнд онгон сахиус оршдог хэмээн тахиж байсан байна. Тиймээс эдүгээ Бурхан Халдуны овоо нь оройдоо бус бэлд нь байдаг.
Түүнд дээдсийн шарил байдгаас очиж болохгүй ариун нандин байлгаж, нууцлах учиртай хэмээдэг бүлгээ. Төрийн тахилгатай дөрвөн уулын нэг бөгөөд төрийн тахилгаар төрийн хар сүлдийг тахиж төрийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг юм.


2.Дэлүүн болдог

Дадал сумын зүүн талд орших дээр нь дурсгалын хөшөө босгосон толгой. Түүний тухай домог өгүүлэхэд Чингисийг төрөхөд эхэд нь адууны дэлүүгээр шөл уулгахдаа зүүн нуурын усаар чанасан учир Дэлүүн нуур гэж нэрлээд харин баруун нууранд Чингисийн биеийг угааж булхаснаас Болдог /Булхдаг-булдаг/ гэж нэрлэдэг. Баруун зүүн нуурын нэрийг нийлүүлж Дэлүүн Болдог болсон гэнэ.

3.Хэрлэнгийн хөдөө арал
 
Хэрлэнбаян Улаан уулын өмнөх, хэрлэнгийн тохойд орших 600км.кв хэмжээтэй энэ талын Аварга голын хойд дээр эзэн Чингис хааны Их Аураг орд байсан. Энэ газар түүхэн алдарт эх сурвалжит бичиг Монголын Нууц Товчоо бичигдэж дууссан учраас 1990 онд түүний 750 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хөшөөг босгосон юм. Мөн энэ газрыг улсын нөөц газар болгосон.

4.Хар зүрхний Хөх нуур
 
1189 онд Чингис хаан Хамаг монголын хаанаар өргөмжлөгдсөн. Тийм ч учраас Хар зүрхний Хөх нуурын урд эрэг дээрх 15 орчим метр диаметртэй гэрийн буурь мэт хэлбэртэй чулууг Чингис хааныг хаанд өргөмжлөгдөхөд нь барьж өгсөн ордны буурь байж магадгүй хэмээн таамагладаг. Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойд талд орших Хар зүрх уулын энгэр дэх холбоотой том жижиг хоёр нуур бөгөөд Цэнхэрийн голын саваас Цагаандаваа хэмээх ойд модтой намхан даваагаар 4 км зайтайгаар тусгаарлагдан оршдог. Хар зүрх уул нь араараа модтой, зүрхэн хэлбэрийн шовх уул юм. Хар зүрхний Хөх нуурын орчим нь шинэс, хус, улиасан ойтой, бургас, бут, бөөрөг бүхий ус намаг ихтэй, ой тайгын бүсийн төрх байдалтай газар юм.
 

5.Дуурлиг нарсны Хүннүгийн булш
 
Баян-Адрага сумын урдах нарсан ойг Дуурлиг нарс гэх ба сумын төвөөс 1 км зайд модон дотор эртний Хүннүгийн үеийн 200 гаруй булшнууд дөрвөлжин болон дугуй хэлбэртэй чулуун дараастай өмнө талдаа үүдэвчтэй дунджаар 20-30 м, голчтой бөгөөд зарим нь 40:40 м хүртэл хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй ба эдгээрийг язгууртны булш бунхан гэж үздэг.

6.Рашаан хад
 
Батширээт сумын нутаг, Биндэр уулын зүүн урдах хадтай хошууг Биндэрийн эрүү буюу Рашаан хад гэдэг. Энэ орчмоос палеолит, мезолит, неолитын чулуун зэвсгүүд, хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн буган хөшөө, булш, Хүннү, Кидан, Монголчуудын булш олонтой олддог. Рашаан хаднаа дээд палеолитын үеэс дундад зууны үе хүртэлх түүхийн олон үед хамаарах ан амьтан, хүний зургийг цоолборлож, зурж, овгийн хэдэн зууны тамгыг сийлж, орхон, кидан, араб-перс, хятад, төвд, монгол бичгээр хорь гаруй бичээс бичиж үлдээсэн ба орчинд нь малтлага хийхэд хөрсний бүтцэд дөрвөн соёлт давхарга байгааг илрүүлсэн байна.

7.Балдан Брайвун хийд
 
Дэлгэрхаан уулын өвөрт уг хийдийг 1777 онд боржин чулуугаар барьжээ. Ар халхын Утай Гүмбэн хэмээн нэрлэгдэж байсан энэ том хийдийг их хэлмэгдүүлэлтийн үед эвдэн сүйтгэсэн бөгөөд одоо суурин дээр нь жижиг  хийд үйл ажиллагаа явуулж байна. Тус хийдийн орчмын нарс, шинэс бүхий ойтой, нилдээ боржин чулуутай сайхан уулыг арван гурван Сансар уул гэдэг. Мөн хийдээс зүүн урагш замд боржин чулуун дээр товойлгон хийсэн 2:3 метрийн хэмжээтэй Манзушир бурхан байдаг.

8.Сэцэн ханы ордон музей
 
Халхын Сэцэн хан аймгийн хааны ордны суурийг анх 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд дотор талдаа улаан, цагаан, бор хэрэмтэй байжээ. Сэцэнханы орд нь анх 20 орчим сүм дуганаас бүрдэж байсан ба эдүгээ 5 сүм нь хэвээр хадгалагдан үлдэж чаджээ. Сэцэнханы хэрэглэж байсан пүүсүү чулуугаар хийлгэсэн хоё аяга, хүрэн суман модонд угалз хээ урласан сандал, 10:10 см хэмжээтэй 3.9 кг жинтэй Сэцэнханы тамга зэрэг олон үзмэрүүд бий.

9.Өглөгчийн хэрэм
 
Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3м орчим өргөнтэй 2 хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх ба бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон. Хэрмийн зузаан 2.5 м, ханын өндөр дунджаар 2.5-4.5 м, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 м хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй  бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ