Эмманюэль Макрон: Цэргийн ажиллагаа явуулахаар шийдвэрлэхдээ парламенттай зөвлөлдөх шаардлага байхгүй

Дэлхийд
172@montsame.mn
2018-04-16 10:56:45
ПАРИС. /ТАСС/. “Францын Ерөнхийлөгчийн хувьд Сирид цэргийн ажиллагаа явуулах тухай шийдвэр гаргахдаа парламенттай зөвлөлдөх шаардлага байхгүй” гэж тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон үзэж байна. Тэрээр телевизийн BFM сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ийм шийдвэр гаргасан нь хууль тогтоох байгууллагын эрхийг зөрчсөн гэсэн санаа бодол илэрхийлсэн нэвтрүүлгийн хөтлөгчид хариулахдаа дээрх мэдэгдлийг хийсэн ажээ.
 
“Миний бүрэн эрхийг Үндсэн хуулийн 35-р зүйлд тодорхойлсон байдаг. Үндсэн хуулийн дагуу би зэвсэгт хүчний ерөнхий командлагч бөгөөд энэ чиг үүрэгтэй холбоотойгоор надад ногдох хариуцлагыг хүлээдэг. Гэхдээ би ганцаараа биш, Жанжин штабын даргатай хамтран шийдвэр гаргадаг” гэж Францын төрийн тэргүүн тэмдэглэсэн байна.
 
Даваа гарагт Францын парламентад өнгөрсөн бямба гарагт Сирид явуулсан байлдааны ажиллагааны талаар мэтгэлцээн болох тухай Э.Макрон мэдээлэв. “Цэргийн ажиллагаа дахин явуулах төлөвлөгөө одоогоор байхгүй тул парламентад санал хураалт явуулахгүй” гэж Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан мэдээлсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Францын парламентын хэд хэдэн гишүүн Сирид цохилт өгөх шийдвэр гаргахаас өмнө тус улсын төрийн тэргүүн парламенттай зөвлөлдөх ёстой гэж мэдэгдэж байсан юм.
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ