“Гашуун Сухайт” боомтоор өдөрт 1100 автомашин нэвтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-04-16 19:28:39
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хятадын тал өнөөдрөөс эхлэн тээврийн машинуудыг гурван эгнээгээр гаргаж, гарцаа нэмлээ хэмээн “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.
 
Өмнө нь 1-2 эгнээгээр нэвтрүүлж байсан бөгөөд "Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн долоо хоногт Бээжинд хийсэн айлчлалын үр дүн ийнхүү гарч, Хятадын тал худалдан авалтыг эрчимжүүлжээ. Ийнхүү 3  
 гурван гарцаар гарах болсноор өдөрт 1100 машин нэвтрэх  боломж бүрджээ.


Тодруулбал өнгөрсөн онд тус боомтоор өдөрт 1500 хүртэл тооны нүүрс, зэс тээвэрлэсэн машин  нэвтэрдэг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буурч, нүүрс тээврийн машины цуваа 120 км болж сунаж байсан. Ерөнхий сайд энэ сарын 13-нд тус боомтод  ажиллахад 22 км урт цуваа үүсч, жолооч нар хил нэвтрэхээр хүлээж байв. Тус боомтоор өдөрт Хилийн худалдааны 150, Зэсийн баяжмалын 200, ("Оюу толгой" ХХК) Нүүрс тээврийн 120 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна.

Боомтын нэвтрэх гарцыг нэмснээр "Эрдэнэс Таван Толгой", "Энержи Ресурс", "Таван толгой" зэрэг нүүрс экспортлогчид болон тэдэнтэй хамтран ажилладаг тээврийн компаниудын орлогод эерэг нөлөө үзүүлэх юм.
Холбоотой мэдээ