Беларусь Улстай гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний төслийг зөвшилцөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-18 14:44:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”-ний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Тус гэрээний үндсэн дээр улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэх боломжтой болдог байна. Манай улс өнөөдрийн байдлаар 17 улстай эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлдэг бөгөөд 2014 оноос Гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Беларусь Улстай байгуулахаар ажиллаж эхэлжээ. Энэ хугацаанд 23 зүйл бүхий гэрээний төслийг хоёр тал харилцан тохирсон бөгөөд энэ хүрээнд гэмт этгээдийг шилжүүлбэл зохих гэмт хэргийн төрөл, шилжүүлэхээс татгалзах үндэслэл, шаардагдах баримт бичиг, шаардлагатай тохиолдолд гэмт этгээдийг түр саатуулах, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлсон байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх төрлийн гэрээ хэлцэлийг монголчууд олноор ажиллаж, сурч, амьдардаг улс орнуудтай байгуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам санаачилгатай ажиллах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Ш.Раднаасэд нар хэлсэн юм. Ингээд төслийг зөвшилцөхийг гишүүдийн олонх дэмжснээр санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Холбоотой мэдээ