“Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-04-19 14:19:35
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт өнгөрсөн онд хэрэгжсэн “Номтой нөхөрлөе” дэд хөтөлбөр үргэлжлэн хэрэгжихээр боллоо. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас уг хөтөлбөрийн үр дүнд номын сангаар үйлчлүүлсэн иргэдийн тоо, яруу найраг, эсээ бичлэгийн уралдаанд хүүхэд залуусын гаргасан амжилт ахисан байна гэж үзэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн онд номын сангаар үйлчлүүлсэн иргэдийн тоо өмнөх жилүүдээс 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүүхэд, залуусын дунд ном унших бүтээлч хөдөлгөөн өрнүүлэх, сумын, сургуулийн номын санчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд нэгдүгээр ангийн сурагчдад уншвал зохих номын жагсаалт гаргаж, 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “Эх хэлний эрдэнэ үгс” танин мэдэхүйн тэмцээн, “Ном унших хөдөлгөөн” болзолт уралдаан, “Бяцхан шаазгай” шүлгийн уралдаан гэхчлэн тэмцээн, уралдаан тогтмол зохион байгуулсан. Харин энэ онд их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Ц.Дамдинсүрэнгийн тэмдэгт “Номын сайн нөхөр”, I, II, III зэргийн үнэмлэхтэн шалгаруулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран “Номтой нөхөрлөе” нэвтрүүлэг бэлтгэх, нийт номын санчдын чадавхийг нэмэгдүүлэх сургалт, зөвлөлгөөн зохион байгуулах зэрэг ажил төлөвлөжээ.

Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ