Говийн мазаалай баавгай хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2018-04-23 14:32:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих Монгол улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол энэ сарын 18-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд боллоо.
Хэлэлцээрт Монгол Улсын БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн  удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сун Вэрэн нар гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч  Ян Чиндун нар баяр хүргэж үг хэлэв. Хэлэлцээрийн дагуу Хятадын тал Монголын талтай хамтран Мазаалай баавгайн амьдрах орчны менежментийн төслийн судалгаа, амьдрах орчны экологийн чанарын үнэлгээний судалгаа, хүнсний ургамлын популяцын судалгаа болон биологийн олон янз байдлын мониторингийн судалгаа хийх бөгөөд Монголын Их говийн тусгай хамгаалалттай газарт техникийн болон мэргэжлийн хүмүүст газар дээрх сургалт зохион байгуулах, БНХАУ-д хоёр удаагийн сургалт зохион байгуулах, төсөлд шаардлагатай тоног төхөөрөмж, материалаар хангах,төслийн хэрэгжилтийн хугацаанд Мазаалай баавгайн тэжээлд зориулан жилд 20 тонн улаан буудайн үр олгох бөгөөд төслийн нийт өртөг 11,63 сая юанийн санхүүжилттэй 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.

 
Холбоотой мэдээ