Туркийн талхны газрыг бөмбөгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-30 10:35:48

ХАТАЙ. /Anadolu/. Сирийн баруун хойд нутгийн Идлиб хотод Туркийн хүмүүнлэгийн байгууллагын барьсан талхны газрыг Оросын сөнөөгч онгоцууд бөмбөгджээ.

Талхны газрыг 16 сарын өмнө Туркийн Хүмүүнлэгийн тусламжийн сан байгуулсан бөгөөд өдөрт 40 мянган хүнд 65 мянган ширхэг талх худалддаг байсан гэж тус сангийн албан тушаалтнууд хэлэв.

Идлиб хотын Саракибд байрлах талхны газрыг Оросын сөнөөгч онгоцууд бөмбөгдсөн талаар Туркийн Хүмүүнлэгийн тусламжийн сангийн Хатайд байрлах салбараас Сири дэх ажиллагааг ажигладаг Бурак Каражаоглу мэдээлсэн юм. Амиа алдсан ажилтан байхгүй гэж Каражаоглу хэлэв.

Уг явдлыг эрс эсэргүүцэж, “Талхны газар, хуаранд халдсан нь Сирийн нийт ард түмнийг устгана гэсэн үг” гэж тус сангийн Ерөнхийлөгч Бюлент Йылдырым хэлсэн юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ