Д.Сүхбаатарын хөшөөг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-25 16:01:35
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн төв талбайд байрлах их жанжин Д.Сүхбаатарын хүрэл хөшөөг анх 2007 онд байгуулж байсан. 10 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа их засварт ороогүй өнөөг хүрсэн хөшөөг орон нутгийн хөрөнгөөр засварлаж, сэргээх ажлыг аймгийн ЗДТГ-аас санаачлан эхлүүлжээ.

Сүхбаатар аймагт ирсэн аялагч жуулчид төв талбайгаар зочилж, аймгийн бэлэг тэмдэг болсон Д.Сүхбаатарын хөшөөтэй танилцдаг. Гэвч сүүлийн жилүүдэд хөшөөний суурь эвдэрч, улмаар  нөхөөс хийх замаар өнөөг хүрчээ. Энэ нь хөшөөний өнгө, сүрийг дарж байсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс аймгийн ЗДТГ-аас санаачлан хөшөөний суурийг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа нь энэ юм.

“Орон нутагт улсын чанартай олимпиад удахгүй болно. Гадна дотны олон зочид уригдсан. Мөн сумдын спортын наадам, алтан овооны их тахилга гээд олныг хамарсан олон арга хэмжээ болно. Тиймээс бид энэ бүхний өмнө хөшөөний засварын ажлыг эхлүүлж, богино хугацаанд дуусгахаар төлөвлөөд байна. Уг нь аймгийн Засаг даргын нөөцөөс санхүүжүүлж, иж бүрэн засвар хийнэ гэж байсан ч төсөв батлагдаагүй, аймаг Засаг даргагүй байгаа зэргээс шалтгаалж түр хойшлогдоод байна. Гэхдээ бид эхний ээлжинд суурийг бүрэн шинэчлэхээр болсон.” гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ