Үйлдвэрлэлийн чиглэлийн ойн нөөцтэй болох хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-26 12:51:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Тус хуулийн төсөлд мод, модон материалыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудлыг тусгасан юм.  УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжсэн байр суурьтай байсны зэрэгцээ энэхүү асуудлын нөгөө талд Монгол орны ойн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль хамгааллын асуудал яваа тул салбарын яам давхар анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Ойн нөхөн сэргээлт, цэвэрлэгээг хийх хэрэгтэй. Ялангуяа орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг боломж бол ойн цэвэрлэгээ юм. Өнөөдөр иргэд хууль, эрх зүйн орчин хэрхэн бүрдэхийг хүлээж байгаа. Цаашдаа модны хэрэглээ байсаар байх тул үйлдвэрлэлийн чиглэлийн ойн нөөцтэй болох хэрэгтэй. Монгол Улсын ойн бодлого гэж байгаа бол энэ асуудлыг бодох цаг нь ирсэн шүү” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тариагаа хураадагтай адил ойгоо цэвэрлэдэг байх нь зүйтэй хэмээв.
 
УИХ-ын гишүүн А.Ундраа хуралдааны үеэр, "Мод тариад байдаг. Гэтэл арчилгааны асуудал орхигдоод байна. Арчилгаатай холбоотой ямар ажлууд хийж байна вэ” гэсэн асуудлыг тодруулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат эл асуултад, "Ерөнхийлөгчийн зарлигаар ойжуулах ажлыг зохион байгуулж ирсэн. Жил бүр кампанит ажил болгож, мод тарьж байна. Цаашид мод тарихаасаа гадна арчлах ажлыг давхар хийж явах бодлого барьж байгаа" гэсэн тайлбарыг хийсэн юм.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Тарьсан модоо хэрхэн арчлах вэ, мод тарьж байгаа иргэдээ хэрхэн урамшуулах вэ гэх зэрэг бодлогын чанартай шийдэх асуудлууд байсаар байна. Иргэдээс ч оновчтой санал санаачилга дэвшүүлсээр байна. Иймд салбарын яам тэдгээр санал санаачилгыг ажил хэрэг болгож дэмжих хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд, "Нэн яаралтайгаар шийдэх олон хуулийн төсөл хэлэлцүүлгээ хүлээж байна. Нийгмийн чухал шаардлагатай хуулиудаа ярья. Ашиг сонирхлын зөрчилтэй хуулийн төслөө буцаан татах нь зүйтэй" гэсэн юм. Хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд уг хуулийн төслийг Төсвийн тухай хуулийг зөрчиж өргөн мэдүүлсэн хэмээн шүүмжилсэн бол нөгөө хэсэг нь энэхүү хуулийг батлахдаа 2019 оноос хэрэгжихээр батлах нь зөв гэлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, байр суурь илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад олонх дэмжив. Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.
Б.Туул
Холбоотой мэдээ