Хөвсгөл нуурын "өрх" рүү орсны улмаас осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-26 16:38:33
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км, Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой автомашин өчигдөр нуурын усанд осолдсон. Автомашинд явсан хоёр иргэн гарч 4 иргэн амь насаа алдсан бөгөөд урьдчилсан байдлаар автомашиныг Хөвсгөл нуурын "өрх" рүү орсны улмаас осолдсон гэж үзэж байна.
"Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй хэсэг газруудыг хэлдэг бөгөөд Хөвсгөл нуурт хэд, хэдэн өрх байдаг гэнэ. Хэргийн газарт ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт  34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг нуурын эргээс 1300 метрийн  зайд, 15 метрийн гүнээс гаргасан ажээ.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ