Хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэгдүүлэх тогтоолын төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-04-27 12:09:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Уг тогтоолын төсөлд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тухай шийдвэрийг тусгасан. Одоогийн байдлаар нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгийг олгодог. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг ийн нэмэгдүүлэхдээ Засгийн газар Олон улсын валютын сантай тодорхой хугацааны яриа хэлэлцээ хийсний үр дүнд нэмэхээр ярьж тохирсон болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэлцүүлгийн үеэр тайлбарласан. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, "Монголын улстөрийн түүхэнд хүүхдийн мөнгийг улстөржилгүй шийдэж ирсэн асуудал бол хүүхдийн мөнгө. Өнөөдөр олон хүүхэдтэй эцэг эхчүүд санхүүгийн хүнд нөхцөлд амьдарч байна. Ийм цаг үед Монголын төр оновчтой, ухаалаг шийдэл гаргах хэрэгтэй. Засгийн газраас болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төслийг аль алиныг нь дэмжих нь зүйтэй" гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, "Ямар аав ээжийн хүүхэд байхаас хамаарч хүүхдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүх хүүхдэд олгох асуудлыг нэг зэрэг хэлэлцэх хэрэгтэй" гэлээ. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд уг тогтоолын төслийг цааш хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.2 хувь нь дэмжив. Ингэснээр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв. 
 
Б.Туул


Холбоотой мэдээ