Г.Занданшатар: Хүүхдийн 20 мянган төгрөг өгсөн ч огт авдаггүй хэсэг нийгэмд бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-27 18:39:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувь олгох талаар тусгасан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 16-нд Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүдийн олонх нь "хэлэлцэх шаардлагагүй" хэмээн үзсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, байнгын хорооны санал дүгнэлтийг "дэмжихгүй" буюу уг тогтоолын төслийг цааш хэлэлцэх нь зүйтэй гэж  гишүүдийн 80.4 хувь нь үзлээ. 

УИХ-ын нэгдсэн чуулганд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, уг хуулийн төслийг гишүүдэд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа "Монгол Улсын нийт хүүхдийг өмч хөрөнгө, өрхийн мэдээллийн судалгааг үндэслэн эд хөрөнгийн байдал, нийгмийн гарлаар нь ялгаварлан хүүхдийн мөнгийг олгох, олгохгүй гэж ангилан хувааж буй нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болсон.
Харин Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хүүхдийг алагчилан, ялгаварласан төрийн алдаатай бодлогыг залруулсан, хүүхэд бүрт олгож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ний бодлого зөв болохыг нотолсон оновчтой шийдвэр болсон тул Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах чиг үүргийнхээ хүрээнд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иргэд, эцэг эхчүүдийн зүгээс ч “Хүүхдийн мөнгө”-ийг цаашид хүүхэд бүрт олгохыг хүсч, дэмжиж байна" гэсэн юм. 

Гишүүдийн зүгээс хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг дэмжиж буйгаа илэрхийлж байсан бөгөөд Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн "Онолын хувьд 100 хувь олгох боломжтой. 80 хувийг 100 хувь болгоход 40 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Төсвийн тодотгол хийгээд 100 хувь олгох боломжтой" гэж хариулж байв. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Хүүхдээсээ мөнгөө харамласан зүйл алга аа. Нийт өрхийн 73 хувь нь 1 сая төгрөгөөс доош орлоготой гэсэн статистик гарсан. Нэг саяас дээш орлоготой өрхөд сард 20 мянган төгрөг өгөхөд айлын амьдралын түвшинд нөлөөлөл үзүүлэхгүй. Харин хүүхдийн мөнгөөрөө амьдарч байгаа өрхүүдэд халамжаа илүү чиглүүл гэж Дэлхийн банк, ОУВС-гаас зөвлөж байгаа. 80 хувьд өгөх нь хүүхдийн мөнгө авах шаардлагатай өрхүүддээ 100 хувь өгч байгаа юм. 76 гишүүн хүүхдүүддээ 20 мянган төгрөг авах гээгүй биз дээ. 20 мянган төгрөг өгсөн ч тэр мөнгийг авдаггүй, мөнгө нь дансандаа байдаг нэг хэсэг байна. Ийм хүмүүст хүүхдийн мөнгийг өгөх шаардлагагүй гэж Засгийн газар үзсэн. Улс орны эдийн засаг сэргэж байгаа ч өр төлбөр хэвээрээ байна" гэж тайлбарлаж байв. 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ