Шонхорыг өндөр хүчдэлд цохиулж үхэхээс урьдчилан сэргийлэх сан байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-04-28 18:26:44
АБУ-ДАБИ. /Khaleej Times/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ шонхор шувууг өндөр хүчдэлд  цохиулж үхэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1 сая ам.долларын суурь хөрөнгө бүхий шинэ сан байгуулсан тухай тус улсын “Khaleej Times” өдөр тутмын сонин мэдээллээ.

АНЭУ-ын Яс аралд саяхан болсон нүүдлийн шувуудыг хамгаалах асуудлаарх олон улсын хуралдааны үеэр Абу-Дабигийн Байгаль орчны газрын гүйцэтгэх захирал Мохамед Аль-Боварди энэ тухай мэдэгдсэн байна.

Шувуу судлалын олон улсын холбооны мэдэгдсэнээр, Төв Азид л гэхэд жилд 4000 орчим шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулан үхдэг аж.

Абу-Дабигийн Байгаль орчны газар Монголын “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-тай хамтран хийсэн нэгэн судалгааны тайланд дурдсанаар, туршилтад хамруулсан 10 км цахилгааны шугам сүлжээ тутам нь жилд 55 идлэг шонхорын аминд хүрч байжээ.

Аль-Боварди хэлэхдээ “Шонхор болоод бусад шувуу өндөр хүчдэлд цохиулж үхэж байгаа нь олон улсад тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид өнөөдөр зөвхөн шувуудыг хамгаалах тухай ярьж байгаа юм биш. Шувууд бол эх дэлхийн эрүүл ахуйг тэтгэгчдийн нэг. Тиймээс засгийн газрууд болоод хувийн хэвшлийнхэн шувуудыг өндөр хүчдэлд цохиулахаас сэргийлэхийн тулд цахилгааны шон, шугам сүлжээг сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэжээ.
 
Г.Доржханд

 
 
Холбоотой мэдээ