ХЭҮК-ынхон Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-04-30 17:34:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллана.
 
Ажлын хэсэг томилолтын хугацаанд 2-3 томоохон ажлыг хийх юм. Тухайлбал, Улсын Онцгой байдлын газрын харъяа анги, салбаруудад ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалд хяналт шалгалт хийж, НҮБ-ын Хүний амын сангийн дэмжлэгтэйгээр "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл”-ийн асуудлаар мониторинг явуулж сургалт зохион байгуулах юм. Мөн уул уурхайн бүс нутагт хүний эрхийн нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
 
Ингэхдээ дээрх аймгуудын зарим суманд үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн ажлын талбарын нөхцөл байдалтай танилцаж, сумын удирдлага, байгаль орчны улсын байцаагч болон бичил уурхайн асуудал хариуцсан ажилтан, бичил уурхайн нөхөрлөл, төрийн бус байгууллага, холбоодын төлөөлөлтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийнэ. Бичил уурхайн үйл ажиллагаанаас тухайн орон нутгийн байгаль орчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд тулгамдаж буй асуудал, бичил уурхайн үйл ажиллагааны нөлөөллийг үнэлэх юм.

Түүнчлэн Швейцарийн Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай" төсөлтэй хамтран төрийн албан хаагчид, бичил уурхай эрхлэгчид, хувиараа ашигт малтмал олборлогч, иргэдэд "Бичил уурхай дахь зөрчил, маргаан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх арга зам” сургалт явуулж, орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайн төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Ажлын хэсэг ирэх сарын 10-ныг хүртэлх хугацаанд дээрх аймгуудад ажиллана.
Холбоотой мэдээ