“Залуучууд хөгжлийн төв”–ийн дэргэдэх “Интернэт танхим” ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-01 18:04:00
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-ын “Залуучууд хөгжлийн төв” нь хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цаашлаад хөгжих орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Интернэт танхим”-ийг ашиглалтад орууллаа. 
Тус танхимыг арван компьютерээр тохижуулсны сацуу уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн гээд гадаад, дотоодын нийт 12 мянга гаруй ном бүхий номын санг хамтатган байгуулжээ.
“Залуучууд хөгжлийн төв” нь 2014 онд НҮБ-ын санхүүжилтээр үүд хаалгаа нээн өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх, тэдэнд хөдөлмөрлөх, бүтээлч сэтгэлгээ, амьдралын зөв зан үйлийг төлөвшүүлэх цаашлаад тэднийг өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаарх  шийдвэрт оролцоход дэмжлэг үзүүлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон талын үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ.
Онцолбол 2018 он гарсаар залуучуудын анхдугаар форумыг зохион байгуулж, тэдэнд тулгамдаж буй асуудлуудын талаар хөндөн шийдвэрлэх гарцын талаар оролцогч залуусаас санал хүсэлтийг нь сонссон юм. Мөн залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эргэлтэд дугуй буюу Спиннинг, Фитнессийн клубуудыг тогтмол ажиллуулж байна.  
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ