Энэтхэгт шороон шуурга болсны улмаас 117 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2018-05-04 10:35:29
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/. Энэтхэгийн хойд нутгаар хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 117 хүн амиа алдсан нь тогтоогдож, их хэмжээний эд материалын хохирол учирсан байна. Энэ тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Энэтхэгийн баруун хойд нутгийн Ражастхан, Баруун Бенгал мужуудад энэ долоо хоногийн лхагва гарагийн орой шороо шуурга шуурч, дараа нь аянга цахилгаантай бороо орсон байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, хүчтэй салхи, шороон шуурганд айл өрхүүдийн орон гэрийн дээвэр хуу хамагдсан аж. Мөн аянга бууснаар олон айл өрхийн гэр шатсан байна.

Байгалийн гамшгийн улмаас гэмтэж бэртсэн, орон гэрээ алдсан хүмүүст туслах шуурхай арга хэмжээ авахыг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ