Эрүүл мэндийн газрын дарга “Хүйн ээж” нарт мэндчилгээ илгээлээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-04 20:31:16
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Жил бүрийн тавдугаар сарын 5-ны өдөр тохиодог “Олон Улсын Эх баригчдын өдөр”-ийн угтан Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын эд эс нь болж эх, нялхасын эрүүл мэндийг хамгаалах, эсэн мэнд амаржихуйн ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулсан үе үеийн “Хүйн ээж” нарт тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа баярын мэндчилгээ  дэвшүүллээ. 
Тэрээр "Хүн амаа өсгөх төрөлтийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах улсынхаа бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа ариун үйлсээр тань үргэлжид бахархдаг билээ" хэмээн цохон тэмдэглэж сайхан сайхныг билгэдэн ерөөсөн юм. 
Тус аймгийн хэмжээнд 32 эх баригч ажиллаж байгаагийн 18.7 хувь нь ахлах зэрэгтэй, 15.6 хувь нь тэргүүлэх зэрэгтэй, 59.3 хувь нь сум, тосгоны Эрүүл мэндийн төвд, 40.6 хувь нь Нэгдсэн эмнэлэгт ажиллаж буй ажээ.
Тэднээс Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтангаар 1, төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор 1, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 4, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр 14, Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр 20 эх баригч шагнуулсан байна. 
Манай улс энэ өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил “Эх баригчид тусламжийн чанараараа бусдыг дагуулна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ