Говь-Алтайд болсон спортын наадамд 230 хүүхэд хамрагджээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-07 10:58:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Орон нутагтаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх, өсвөр үеийнхнийг хөлбөмбөгийн спортод сонирхолтой болгох зорилгоор Говь-Алтай аймгийн хөлбөмбөгийн холбооноос уламжлалт "Хөдөлгөөн-Эрүүл мэнд-Хөлбөмбөг" спортын наадмыг Эрдэнэ, Чандмань, Бигэр сумдад өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав. 
 
Уг спортын наадмыг Говь-Aлтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон аймгийн U-15 насны шигшээ багийнхан нийт 520 км зам туулан 230 хүүхдийг хамруулсан байна.
Спортын наадмын үеэр шигшээ багийнхан жонглёрын үзүүлбэр үзүүлж тухайн орон нутгийн жонглёр амжилттай гүйцэтгэж байгаа хүүхэд багачуудыг урамшуулсан юм. Мөн сумдын U-15 насны шигшээ багууд аймгийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаагаа сорин өрсөлдлөө.
Зохион байгуулагчдын зүгээс спортын наадамд оролцсон хүүхэд бүрт гарын бэлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, орон нутгийн удирдлагад гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүн гардуулав.
Тус аймгийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчид орон нутагт очин тухайн спортоо сурталчлан үе тэнгийн хүүхэд багачуудад зааж байгаа анхдагчууд болж байгаагаараа онцлог юм.  
Түүнчлэн тус аймгийн хөлбөмбөгийн холбоо нь аймаг, бүсийн хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, аймгийн нас насны шигшээ багуудыг бүрдүүлэн бэлтгэл сургуулилтыг нь ханган улс, бүсийн тэмцээн уралдаануудад оролцох, хүүхэд залуусын дунд секц дугуйлан хичээллүүлэх, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, орон нутагт хөлбөмбөгийн клуб байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлсээр иржээ.
 
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ