Тээврийн хэрэгслийн түр саатуулах байр ажиллуулах төлбөрийн хэмжээг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханд “Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах төлбөрийн хэмжээний талаарх хэлэлцүүлэг болж иргэд санал хүсэлтээ хэллээ.
Энэхүү арга хэмжээг аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж Улиастай сумын иргэд, Төрийн бус байгууллага, жолооч нар нийт 60 гаруй хүн оролцлоо. Иргэдээс тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа байрны нэг хоногийн төлбөрийг хямдруулах, зарим тохиолдолд жолооч нарт сануулах арга хэмжээ авч заавал түр саатуулах байранд тээврийн хэрэгслийг нь саатуулахгүй байх гэсэн саналуудыг хэлжээ. Тухайлбал мотоцикл 2000, суудлын автомашин болон 3.5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны автомашин 3000, 3.5 тонноос их даацтай бүх төрлийн том оврын автомашин 4000 төгрөг төлнө. Харин зам тээврийн осолд холбогдсон болон эрүүгийн хэргийн улмаас түр саатуулагдсан тээврийн хэрэгслээс дээд тал нь 10 хоногийн түр саатуулах хашааны төлбөр авах, 10-аас дээш хоносон тээврийн хэрэгслээс түр саатуулах хашаа /байр/ –ны төлбөр авахгүй байх гэсэн саналууд гаргаж төлбөрийн хэмжээг тодорхойлжээ.
Б.Мягмарсүрэн