Токио цэнгэлдэх хүрээлэн барихад 320 сая доллар гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2015-12-01 15:01:11

ТОКИО. /Koyodo/. 2020 оны олимпын наадмын тэмцээн уралдааныг зохион байгуулах шинэ цэнгэлдэх хүрээлэнг барихад Японы нийслэл Токио хотын эрх баригчид 39.5 тэрбум иен буюу 320 сая доллар гаргахаар болжээ. Энэ нь уг цэнгэлдэх хүрээлэн барих төслийн нийт өртөг болох 155 тэрбум иен буюу 1.2 тэрбум долларын ердөө 25 хувьтай тэнцэх хөрөнгө юм.

Холбогдох тохиролцоонд Токио мужийн захирагч Еити Масузоэ, Японы Спортын сайд Хироши Хасэ, 2020 оны олимпын наадмыг зохион байгуулах ажлыг хариуцсан сайд Тосиаки Эндо нар мягмар гарагт уулзахдаа хүрчээ.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг барихад улсын төсвөөс 80 тэрбум иен буюу 635 сая доллар гаргах бол үлдсэн зардлыг спортын хонжворт сугалаа явуулах замаар нөхөхөөр төлөвлөж байгаа аж.

Спортын цэнгэлдэх хүрээлэн байгуулах шинэ төслийг Японы Засгийн газар наймдугаар сарын сүүлээр баталжээ. Цэнгэлдэх хүрээлэн барих ажлын өртгийг тус улсын эрх баригчид 2.1 тэрбум доллароос 1.2 тэрбум болгон бууруулсан бол 80 мянган хүний багтаамжийг нь 68 мянга болгосон байна.

Японы нийслэл Токио хотноо 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд олимпын наадам  болно. Олимпын тэмцээн уралдааны 7.5 сая гаруй тасалбарыг борлуулах аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ