УИХ-ын гишүүд ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-11 16:16:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа  өнөөдөр Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн 4 дэх шатны үнэлгээг хийхээр манай улсад ажиллаж буй Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб, тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Олон улсын валютын сангийн Засгийн газартай хамтран явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг байнга анхааралтай ажиглаж байна” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа  нар энэ үеэр хэд хэдэн тодорхой асуудлыг Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиебт тавьж, санал солилцсон.
 
Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жеофф Готтлиеб “Монгол Улсад гурав дахь удаагаа ажиллахдаа анх удаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзаж байна” хэмээн тэмдэглээд хэлэлцээрийн дагуу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн үетэй харьцуулахад эдийн засагт гарсан өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.
 
Талууд, төсвийг алдагдалтай баталдаг, төсвийн алдагдал буурахгүй байгаа талаар болон хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой бусад асуудлаар ярилцаж, харилцан санал солилцлоо.
Холбоотой мэдээ