"MISSES MOM- 2018" тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-14 14:02:16
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Гэр бүл үр хүүхдийнхээ төлөө үнэт цагаа зарцуулан ажил, амьдралаа зохицуулан яваа үзэсгэлэнт ээжүүдийн дунд анх удаа зохион байгуулагдсан "MISSES MOM-2018" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Залуучууд” театрт болж өндөрлөлөө.

Тэмцээнд оролцох үндсэн шалгуур нь “Ээж” байх гэсэн тодотголтой өвөрмөц содон мисс ээжүүдийн маань уг тэмцээн яг л айлчлан ирж буй урин цагийн өнгө мэт хайраар дүүрсэн байлаа. Танхимд Үндэсний хувцастай гараа, урлагийн номер, гоёлын даашинзтай гараа, асуулт хариултын тэмцээнүүдээр үргэлжилсэний дээр  бэлтгэл ажлыг 14 хоногийн турш хийж, 7 хоног тутам нэг даалгавар гүйцэтгэжээ.

Тайзны гараа болон бэлтгэл явцын даалгаварыг үндэслэн шилдэг ээжийг тодруулсан гэж зохион байгуулагчид мэдэгдлээ. Тус тэмцээнийг Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх “Залуу ээжүүд-Манлайлал” клуб, хамтран зохион байгуулагчаараймгийн ЗДТГ, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, “Залуучууд” театр, “Эхлэл” гэрэл зургийн студи зохион бйагуулжээ.

"MISSES MOM 2018" тэмцээнд 18-50 насны 1-5 хүүхэдтэй өөртөө итгэлтэй, ажил амьдрал, хийж бүтээснээрээ нийгэмдээ үлгэр дуурайлал болсон шилдэг ээжүүд оролцох журамтай аж. Тус тэмцээнд 25 бүсгүй өөр өөрийн ертөнцөөр аялсан өвөрмөц үзүүлбэрүүд толилуулж уг тэмцээний босгыг өндөрсгөж, авьяас, ухаанаараа уралдаж, илтгэж байлаа. Шилдэг үзүүлбэрүүдээр дүүрэн уг тэмцээний ялагчаар 25 хувийн дугаартай Содхүү овогтой Буянзаяа хэмээх 31 настай, нөхөр 5 хүүхдийн хамт амьдардаг, Эрх зүйч багш мэргэжилтэй, мэргэжлийн цэргийн шүхэрчин, өөрийн бие даан гаргасан 7 ном, гадаад дотоодын эрдэм шинжилгээний 20 гаруй бүтээлтэй, Хууль зүйн ухааны докторант, спортын мастер, нийгэм, хүмүүнлэгийн салбарт 2011 оноос хойш тасралтгүй оролцож идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бүсгүй шалгарлаа.

Тэмцээнд оролцсон болон оролцож амжаагүй ээжүүдийн зүгээс жил бүр зохион байгуулж байх саналыг дэвшүүлсэн аж. Анх удаа зохион байгуулагдсан тус тэмцээн сайхан болж өндөрлөсөнд зохион байгуулагчдын зүгээс өндөр сэтгэгдэлтэй байлаа.

Тус тэмцээнийг зохион байгуулахад “Royal De Beauty” салон, “Daimond spinning club”, “Mars” salon, “Түвшин” эмнэлэг, “Гоо наран салон”, “Ray” хувцас загварын агентлаг, “Арина” электрон барааны дэлгүүр, “Dream yoga center”, “Dream art галерей”, “Полиглот” сургалтын төв, “Гурван сайхан” үйлдвэр,” Darkhan doner house”, усан бассейны “Атланта” төв, “S&B” саун, “Золбоо” салон зэрэг байгууллагууд оролцжээ.
 
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ