Сурагчид малчны хоттой танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-05-14 17:16:22
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын Гуравдугаар бүрэн дунд сургууль /БДС/-ийн сурагчид эко аялалд гарч, малчны хотонд амралтын өдрөө өнгөрүүлжээ. Тэд Баруун-Урт сумын наймдугаар багийн алчин н.Энхбаатарынд очиж, төл мал хариулж, аргал түүж, малын хашаа хороо цэвэрлэх зэрэг өдөр тутмын ажилд нь туслан, малчны амьдрал ахуйтай танилцсан байна.

Эко аялалд тус сургуулийн дөрөв, тавдугаар ангийн сурагчдын төлөөлөл болон Эко элч, Харах өнцөг клубын сурагчид гээд 50 орчим хүүхэд оролцжээ. Сурагчдын хөтөчөөр сургуулийн эмч, нийгмийн ажилтан, бага ангийн багш нар ажилласан байна.

“Хүүхдүүд маань энэ удаагийн аялалд үнэхээр сэтгэл хангалуун байсан. Бид  эхлээд эко алхалт хийж, Баруун-Уртын голын хогийг түүж цэвэрлэсэн. Үүний дараа малчныдаа очиж, нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлээд ирлээ. Хүүхдүүд гал галаараа өөрсдөө хоол цайгаа хийж, хөгжөөнт тоглоом, тэмцээн уралдааныг хоорондоо зохиож, үнэхээр хөгжилтэй байсан. Малчны өдөр тутмын ажилд туслахын зэрэгцээ өөрсдийн гараар хийсэн төл малын нэмнээ, бээлий, хурганы уут зэргийг сэтгэлийн бэлэг болгож, зочилсон айлдаа өгсөн. Малчид маань ч биднийг их сайхан угтаж авч, өндөр сэтгэгдэлтэй үлдсэн. Ер нь хүүхдүүдийг энэ мэтчилэн бодит амьдралтай биечлэн танилцуулах нь монгол ахуй, ёс заншлаа илүү сайн ойлгож, мэдрэх юм шиг санагдсан. Эко аялал маань энэ жил анх удаа зохион байгуулагдсан. Цаашид үүнийгээ уламжлалт ажил болгохоор төлөвлөж байгаа” гэж сургуулийн Нийгмийн ажилтан Ж.Шинэбаяр хэллээ.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ