"Тал нутгийн аялгуу" Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-01 18:09:02

Хятадын Хориотой хотод анх удаа зохион байгуулсан Монгол, Хятадын зураачдын “Тал нутгийн аялгуу” хамтарсан үзэсгэлэн Монголын Уран зургийн галарейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч  үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний гээд дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлүүдийг дэлгэв.

Үзэсгэлэнгийн бүтээлүүд Монгол орны өргөн тал нутаг, баатарлаг туульс, монгол хүний уужим тайван сэтгэл, бүтээлч, хурц ухаан зэргийг илэрхийлжээ.

Хоёр орны дүрслэх урлагийн салбарын шилдэг уран бүтээлчдийн хамтарсан энэ үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн захирал, зураач Н.Батбаатар санаачлан зохион байгуулах үндэс суурийг тавьсан төдийгүй түүний “Сахиус”, “Хос Вансэмбэрүү” бүтээл нь үзэсгэлэнгийн голлох бүтээл болжээ.

Үзэсгэлэнд Хятадын талаас дэлхийд нэрээ гаргасан алдартай зураачид болох Лиү Да Ви, Фан Ди Ан, Су Синь Пин, Вон Ин Шэнг, Монголоос Төрийн  соёрхолт, СГЗ зураач Ш.Чимиддорж, СГЗ Л.Бумандорж, график зургаар СГЗ Д.Гунгаа, зураач Д.Бадам, “Blue Moon” галерейн захирал, зураач З.Уянга, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг нарын уран бүтээлчид улсаа төлөөлөв.

Монгол Хятад хоёр орны дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд гаргахад чиглэсэн энэ үзэсгэлэн дэлхийн үзэгчдэд томоохон боломж олгож байгааг уран бүтээлчид онцолж байна.

Монголын Уран зургийн галерейн захирал Н.Батбаатар хэлэхдээ, Өнгөрсөн 10 дугаар сард Бээжин хотын Хааны ордны Тиа Миу галерейд гарсан. Монголчууд Хубилай хааны ордонд Монголын хамгийн анхны үзэсгэлэнгээ гаргалаа хэмээн хүлээн авсан. Хааны ордон галерейдаа засвар хийж, анх удаа гадаад орны тэр дундаа Монголын үзэсгэлэнг гаргасан гэдгээрээ онцлогтой. Тэрхүү уран бүтээл тэр чигээрээ өнөөдөр Монголын үзэгчдэд хүрч байна.  Үзэгчид уран зураг, зураасан зураг гэхчлэн төрөлжсөн үзэсгэлэн үздэг бол энэхүү үзэсгэлэнгээс хоёр орны шилдэг уран бүтээлчдийн дүрслэх урлагийн бүх төрлөөр бүтээсэн бүтээлүүдийг нэг дор үзэх боломжтой. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулахад гүнээ туслалцаа үзүүлж дэмжин ажилласан хоёр орны яамд, соёлын байгууллагууд, тэр дундаа Бээжингийн Урлагийн академийн хамт олон болон захирал Пан Дианд Монголын Уран зургийн галерейн хамт олны зүгээс талархал илэрхийлж байна. Ирээдүйд хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн дээшлүүлэх, туршлага солилцох, хамтран ажиллах, найрсаг хөрш орны харилцаагаа улам бататган хөгжүүлэх олон сайхан үзэсгэлэн хоёр орны үзэгчдийн мэлмийг баясгаж, оюуныг цэнгүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Хятадын соёлын төвийн холбооны судлаач, багш, зураач Шао Ли, “Улаанбаатар хотод анх удаа ирж байна. Нисэх онгоцноос буухад цасан уул бүрхсэн,  цэлмэг сайхан агаар угтсан нь их таалагдлаа. Энэ үзэсгэлэнд хүн байгалийн харилцааны тухай баримлын бүтээлээр оролцож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор "Дуньхуаны сувдыг түүхүй" үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үеэр Монголын Уран зургийн галерей,  Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилго тавьсан юм. Энэ хүрээнд хоёр орны уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг өнгөрсөн 10 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галерейд зохион байгуулсан юм.

“Тал нутгийн аялгуу” үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл олны хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ