Тариалалт эхлэхээс өмнө газар ухагч тракторын тоог нэмэгдүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-15 21:47:25

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Засаг дарга Д.Батсайхан газар тариалан эрхлэгчидтэй өглөөний цай ууж тухайн салбарт тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үр дүнд "Хүлэмжийн төв" байгуулах,  тариаланчдыг төсөл хөтөлбөрийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Энэ удаад Улиастай сумын газар тариалан эрхлэгч 30 гаруй иргэн уулзалтанд оролцож өөрсдийн тулгамдаж буй асуудлуудыг аймгийн Засаг даргад дуулгасан байна. Удахгүй хаврын тариалалт эхлэх энэ үед ногоочдод тулгамдаж буй цөөнгүй асуудал байгаа. Тухайлбал тариалалт хийхэд аймгийн ХХААГ-ын хоёр трактор хүрэлцдэггүй, хувийн тракторууд хэт өндөр үнэтэй үйлчилдэг учраас ухагч, хагалагчтай трактортой болоход дэмжлэг үзүүлэхийг тариаланчид хүслээ. Мөн олон жил яригдаж байгаа ногоочдын хэсэг буюу ногооны талбай бүхий хоёр газрыг эрчим хүчээр хангаж өгөх, аймагтаа хүлэмжийн төв байгуулах, төрөл бүрийн төсөл хөтөлбөрийн зээлд газар тариалан эрхлэгчдийг хамруулж өгөхийг хүссэн байна.
Тариаланчдын уулзалтад аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн, Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар нар оролцож  тариаланчдын асуусан асуултанд тодорхой мэдээлэл өгч, газар тариалангийн чиглэлээр аймаг орон нутгаас ямар бодлого шийдвэр гаргаж ажиллаж байгаа, ХХААГ-аас тодорхой ямар дэмжлэг туслалцааг ямар журмаар  тариаланчдад олгож буй талаар мэдээлэл өгчээ. Уулзалтын үр дүнд газар тариалан эрхлэгчдийг нэн түрүүнд ухагч, хагалагчтай шинэ трактортой болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх, ногоочдын хэсэгт эрчим хүчний шугам татах асуудлыг ирэх жилийн аймгийн үндсэн чиглэлд тусгахаар болсон байна.
Завханы Засаг дарга Д.Батсайхан салбар бүрийн төлөөлөлтэй "Өглөөний цай" уулзалтыг зохион байгуулаад найман сар болж байгаа бөгөөд тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг хамтдаа ярилцаж, тодорхой шийдэлд хүрэхийг зорьдог чухал уулзалтуудын нэг юм.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ