Аймгийн ХАҮТ шинэ даргатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-18 16:10:57
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын бүх гишүүдийн хурал өчигдөр  боллоо. Хурлыг Үндэсний ХАҮТ болон Баруун бүсийн ХАҮТ-ын холбогдох албаны төлөөлөгчид удирдан зохион байгуулж, аймгийн ХАҮТ-ын дүрэмд өөрчлөлт оруулах, Тэргүүлэгчдийг шинээр сонгох, Хяналтын зөвлөл, Танхимын дарга, Ерөнхийлөгчийг шинэчлэн сонгох тухай хэлэлцэн шийдвэрлэв. 
Хурлын эхэнд Ховд аймгийн ХАҮТ-ын даргаар 9 жил ажилласан Б.Түвдэндорж өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаагаа уламжлаад ажлынхаа тайланг тавилаа. Тэрээр ХАҮТ нь тогтсон санхүүжилт зардал байдаггүй учраас байр савнаас эхлээд дарга, тэргүүлэгчид өөрсдийн хүч, нөөц боломжоор ажил явуулах шаардлага гардаг. Өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчидтэйгээ хамтран багагүй ажлыг хийж хэрэгжүүлсэн. Цаашид та бүхэн бас илүү ихийг хийж бүтээж санаачилгатай байгаарай” гэдгийг хэлэв. 
Аймгийн ХАҮТ-ын бүх гишүүдээс 15 тэргүүлэгчийг сонгож, тэргүүлэгчид дотроо дахин нэр дэвшүүлж санал хураалт явуулан ХАҮТ-ын даргаар “Жаргалант луу” ХХК-нийн захирал Б.Ганзориг сонгогдлоо. Тус танхимын дарга, тэргүүлэгчид нь дүрмийн дагуу 4 жилийн хугацаатай томилогддог байна. Мөн ХАҮТ нь Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгч, Танхимын дарга, менежер гэсэн бүтэцтэй, гишүүнчлэлийн татвар болон төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг ТББ юм. Тиймээс цаашид аймаг орон нутгийн төр захиргааны байгууллага болон аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг хуралд оролцогчид онцолж байлаа. Мөн ХАҮТ-ын дүрмийн дагуу салбар танхимын Ерөнхийлөгч нь аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, ИТХ-ын дарга эсвэл Тэргүүлэгчдийн төлөөллийн аль нэг нь байж болно гэж заасан байдаг. Тиймээс Бүх гишүүдийн зүгээс санал хураалт явуулахад аймгийн ХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр Засаг даргын орлогч Ш.Батсүх сонгогдлоо. Тэрээр танхимын гишүүд, тэргүүлэгчдийн санал санаачилгыг дэмжиж өргөн хүрээтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ