Ховдын сэтгүүлчид уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-21 16:52:25
Ховд /МОНЦАМЭ/ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ховд салбар зөвлөл өнгөрсөн амралтын өдөр сэтгүүлчдийн дунд явган аялал, чөлөөт уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа.
Аялал, уулзалт, нөхөрсөг тэмцээнийг аймгийн төвөөс 15 км-ийн зайд орших Шүүтийн тохой буюу “Ховд гаид” ХХК-нийн амралт, аялал жуулчлалын газарт боллоо. Уг арга хэмжээнд Ховдчуудын дуу хоолой, үзэл бодлын талбар толь болж буй “Ховдын мэдээ” сонин,”Ховд ТВ”, “Ховдын толь”, “Олон ястан Тв”,”Эко ТВ”,”Жаргалант Тв”,”Khovdnews” сайт, хэвлэлийн “Ич монгол” ХХК-нийн нийт сэтгүүлчид, уран бүтээлчид, хэвлэх үйлдвэрийн ажилтан 20 гаруй хүн оролцлоо.
Сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд болсон спортын нөхөрсөг тоглолтыг аймгийн ИТХ, Таеквондогийн Дэлхийн аварга, дасгалжуулагч Р.Сайханжаргал захиралтай Ич монгол компани ”Ич гүрэн” клуб ивээн тэтгэж оролцлоо.
Спорт тэмцээн МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, Жаргалант ТВ-ийн захирал Л.Ууганбаяр, Ич гүрэн компанийн ажилтан Мягмарсүрэн, Ич гүрэн ХХК-нийн захирал Р.Сайханжаргал нараар ахлуулсан волейболын гурван баг тамирчид тоглож, волейболын тэмцээний дараа халбагаар одон бөмбөг дамжуулах, олс таталт зэрэг хөгжөөнтэй буухиа тэмцээн явууллаа.
Сэтгүүлч уран бүтээлчид энэ үеэр чөлөөт уулзалт, харилцан санал бодлоо солилцож, ирэх сард Баян-Өлгий аймагт болох бүсийн сургалтад оролцох, МСНЭ-ээс аймгуудын дунд зохион байгуулах урлаг спортын тоглолтод бэлтгэж оролцох талаар санал бодлоо солилцлоо.
МСНЭ-ийн Ховд салбарын сэтгүүлчдэд зориулсан яруу найрагч Д.Даваасүрэн, ая зохиогч Д.Мандах нарын уран бүтээл “Сэтгүүлч би үнэний жигүүр” нэртэй  орчлонг сэрээх өглөөний хонх гэдэг үнэн үгтэй дууг клипжүүлэх талаар саналаа солилцлоо. Мөн Болор цомын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар агсныг энэ өдөр дурсаж түүний “Урианхайн хөх уулс” шүлгийг монгол бичгээр бичиж, аймгийн төрийн ёслолын танхимд залах саналыг МСНЭ-ийн Ховд салбараас гаргалаа. Мөн Ховдын Зохиолчдын холбоог хариуцан ажиллаж байгаа Ховдын толь сонины эрхлэгч, яруу найрагч Г.Төрмөнх аймгийн хэмжээнд зохион байгуулагддаг богино өгүүллэг, яруу найргийн наадмыг Х.Эрдэнэбаатарын нэрэмжит болгон зохион байгуулахаар болсон тухайгаа хуваалцлаа.
Сэтгүүлч уран бүтээлчид ийнхүү аялж, амарч, спортоор нөхөрлөсөн нэг өдрийн хормыг ажил хэрэгч халуун яриа өрнүүлж, хийж бүтээх өрнүүн их хүсэл тэмүүллээр дүүрэн өнгөрүүллээ.
Энэ удаагийн аялал, амралтаас сар бүр тогтмол явуулдаг спорт тэмцээнийг амралт, аялалтай хослуулан явуулж байх саналыг МСНЭ-ийн Ховд салбарын гишүүн байгууллага “Khovdnews.mn”сайт, “Ховдын толь” сонины сэтгүүлчид гаргалаа.
                                                                                                                                          А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ