Завханы 200 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-21 17:27:50

Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймаг дахь Улаан загалмайн хороо сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын улаан загалмай нийгэмлэг болон Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллага, Олон улсын Улаан загалмайн өдрийн хүрээнд зохион байгуулсан болон Улаан загалмайн хорооноос зохион байгуулдаг олон талын хүмүүнлэгийн ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Тухайлбал Монголын улаан загалмай нийгэмлэг болон Дэлхийн мал амьтныг хамгаалах байгууллага хамтран зудын нөхцөлтэй өвөлжиж, хаваржилт хүндрэлтэй байгаа сумдад хүмүүнлэгийн тусламж өгчээ. Завханы Сонгино, Түдэвтэй, Цэцэн-уул, Яруу сумын малчдад хүмүүнлэгийн тусламжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 21-ны хооронд хүргэжээ. Хамгийн сүүлд гэхэд Яруу суманд хүмүүнлэгийн тусламжыг олгосон байна. Энэхүү тусламжийн багцад малын эрдэст тэжээл, ашигт долооц, сүү орлуулагч зэрэг хаврын сульдсан малд нэн хэрэгцээтэй мал маллагааны бүтээгдэхүүнүүд багтсан байна. Малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламжийг хуваарилахдаа тодорхой нөхцөлийг харгалзан олгожээ. Тодруулбал 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин гэсэн тодорхойлолтыг харгалзан олгосон байна.    

Өнчин хүүхдүүдтэй дотно ярилцах нь хамгийн том бэлэг болдог юм байна гэлээ


Завханы Улаан загалмайн хорооноос Монголын Хүмүүнлэгийн өдрийг угтаж инээмсэглэл нэртэй өдөрлөгийг зохион байгуулж бүтэн өнчин сурагчдад бэлэг дурсгалын зүйл гардуулан өгчээ.
Энэ үеэрээ Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчилж сайн дураараа амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын тусын тулд зориулъя уриатайгаар “Инээмсэглэл” өдөрлөгийг Улиастай сумын ерөнхий боловсролын таван сургууль дээр зохион байгуулжээ. Өдөрлөгт оролцож буй сайн дурын идэвхтнүүд, хүүхдүүд, эцэг эх, багш нарын төлөөллүүд  бүтэн өнчин болон хагас өнчин хүүхдүүдийн сурах орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж тэдэнд ямар тулгамдсан асуудал байдаг, найз нөхдийн харилцан ойлголцол, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг хэрхэн авдаг гээд олон зүйлийн талаар хүүхдүүдтэй нээлттэй ярилцжээ.
Мөн үеэр аймгийн Улаан загалмайн хорооноос таван сургуулийн бүтэн өнчин 13 суралцагчдад Төрийн банкны хүүхдийн хадгаламжийн дэвтэр гарын бэлэг, 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд “Инээмсэглэл” нэртэй гар зургийн уралдааныг зохион байгуулж дүгнэж хүүхдүүдийг урамшуулсан байна. Бид хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд нэг удаагийн тусламж өгөөд өнгөрөх биш. Харин тэдэнтэй жилдээ нэгээс хоёр удаа халуун дотно ярилцаж тэдэнд ямар тулгамдсан асуудал байдаг талаар нь сайн ярилцах, дэмжих нь чухал юм байна. Мөн үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцан ойлголцож ялгаварлан гадуурхалтгүй, сурч хүмүүжих бололцоог нь хангаж өгөх нь чухал юм гэдгийг энэ удаагийн инээмсэглэл өдөрлөгөөр дүгнэж сууна. Бүтэн өнчин хүүхдүүдэд гарын бэлгээс илүү чин сэтгэлийн дэм, урмын үг хэрэгтэй байдаг юм байна хэмээн Завхан аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Энхбаатар мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

 


Холбоотой мэдээ