Ховор ан амьтныг агнасан хэргүүд гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хэнтийн салбар уулс, Хангайн нуруу, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутагт хууль зөрчин хүрэн баавгай, ховор амьтан агнах явдал тасрахгүй байна.
Монголын Байгаль Амьтны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид хууль зөрчин ховор амьтан агнасан нэг бус хэргийг илрүүлэн шалгаж, заримыг нь шүүх хэлэлцэн ял шийтгэжээ. Иргэн О хүрэн баавгайн толгой, сарвуу бүхий арьс тээвэрлэж яваад саатуулагдсан байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг жил тэнсэн харгалзах ял оноож, тээврийн хэрэгслийг нь улсын орлогод авах, уг амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ болох 6.5 сая төгрөгийг хоёр дахин нугалж 13 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийтгэл оноожээ. Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын I хавсралтад хүрэн баавгайг ховор амьтны жагсаалтад оруулсан байдаг аж. Ховор амьтан агнахаас гадна тэдгээрийн гаралтай түүхий эд, эрхтэнийг хадгалсан, худалдсан тээвэрлэсэн бол агнасантай адилтгаж үзэхээр хуульчилжээ.
Ж.Батсайхан