Цагдаагийн ажилтантай холбоотой мэдээллийг 126 дугаарын утсаар 24 цагийн турш авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-29 13:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М бусдаас багагүй хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ. Өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М-ийг бусдаас хахууль авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Налайх дахь мал мах, түүхий эд худалдааны чиглэлийн компанийн татвараас зайлсхийсэн үйлдлийг шалгаж байхдаа захирлаас нь 4 сая төгрөг авсан гэх  асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр хэвлэлийн хурал хийв.
Тэрбээр “Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч, ахмад М өөрийн шалгаж байсан хэргийн холбогдогчоос хахууль авсан байж болзошгүй хэргийг манай цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, хэргийг нь АТГ-т шилжүүлсэн. Мөн  он гарсаар сахилга хариуцлагын зөрчил гаргаж, цагдаагийн алба хаагчид дотооддоо дэг журам сайжруулах, хууль тогтоомж зөрчдөг аливаа асуудалтай тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон замын цагдаагийн асуудлыг холбогдох хуулийн дагуу АТГ-т харьяаллын дагуу шилжүүлсэн. Бид дээрх мэт асуудалтай эвлэрэхгүй, тэмцэж ажиллаж байна. Цагдаагийн төв байгууллагын дотоод хяналт шалгалтын 126 гэдэг тусгай утас, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн фэйсбүүк хуудас, твиттер хуудаст цагдаагийн алба хаагчтай холбоотой хээл хахууль, хүнд суртал, зүй зохисгүй үйл ажиллагааны талаар 24 цагийн турш мэдээллийг ирүүлэх боломжтой. Бид мэдээллийг хүлээж аваад хуулийн дагуу холбогдох ажиллагаа явуулна. Мөн энэ сарын 19-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой зам тээврийн осол гарсан. Цагдаагийн алба хаагч, хурандаа осол гаргалаа гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсан. Шалгаад үзэхэд 2007 онд тэтгэвэрт гарсан дэд хурандаа цолтой хүн байсан. Зам тээврийн осолтой холбоотой энэ асуудлыг  цагдаагийн байгууллагаас  хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Үүнд цагдаагийн алба хааж байсан хүн гэдэг утгаараа давуу эрх олгох гэх мэт асуудал байхгүй. Хууль тогтоомжид заасны дагуу шалгаж шийдвэрлэж, эцсийн шийдвэр гарсны дараа хэрхэн шийдвэрлэсэн талаараа та бүхэнд эргэн мэдээлэх болно гэлээ.
 

Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ