Хан Хэнтийн хилчид урлагийн наадмын цомын эзэд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 08:48:15

Хэнтий аймгийн Дадал суманд жил бүр болдог уламжлалт урлагийн наадамд Хан Хэнтийн хилчид урлагийн наадмын цомын эзэд болов.

Энэхүү наадамд Дадал суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус нийт 12 албан байгууллага, аж ахуй нэгж, багууд оролцож, тусгай удирдамжийн дагуу 13 номинацаар өрсөлджээ.

Тус наадмыг төрөөс тогтвортой баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх, сумын иргэдийн соёлын түвшинг дээшлүүлэх, оны шилдэг урлагийн авъяастнуудыг тодруулж, хувь хүний хөгжилд дэмжлэг үзүүлэх, үзэгчдийн сэтгэлд нийцсэн чанартай тоглолтыг түгээн дэлгэрүүлж, олны хүртээл болгох зорилготой зохион байгуулдаг аж.

Хилчдийн баг тус урлагийн наадамд зориулж, үндэсний хөгжмөөр МУСТА Д.Бадамцэрэнгийн найруулсан “Хилчний намар” зохиол, МУСТА Т.Жаргалын дэглэлт “Морьтны жавхаа”, “Хилчний баярын өдөр” хамтлаг бүжгүүдийг шинээр сурч, урын сангаа баяжуулан оролцжээ. Тус ангийн уран сайханчид жил бүр уг урлагийн наадамд амжилттай оролцсоор ирсэн бөгөөд энэ жил амжилтаа бататган, эстрад хамтлаг дуу, яруу найраг, морь, бөхийн цол дуудах, драмын төрөлд тэргүүн байр, зохиолын болон харилцаа дуу, хамтлаг бүжиг, үндэсний хөгжмийн төрөлд дэд байрыг тус тус эзэлж, багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн” байранд шалгарч, шилжин явах цомын эзэд болов.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ