Төсвийг иргэдэд хамгийн ойлгомжтойгоор хүргэх "Иргэдийн төсөв" товхимлыг анх удаа боловсруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-05-30 11:30:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төсвийн үйл явцад иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор "Иргэдийн төсөв" товхимлыг Монгол Улс анх удаа боловсруулан гаргалаа. АНУ-ын Төрийн департаментын дэмжлэгтэйгээр Сангийн яамнаас боловсруулж гаргасан "Иргэдийн төсөв-2018" товхимлыг өнөөдөр албан ёсоор танилцуулав.

2018 оны Монгол Улсын батлагдсан төсөв, түүнд туссан төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, хөтөлбөр зэргийг иргэдэд хамгийн ойлгомжтой хэлбэрээр зурагжуулан, тайлбартай оруулсан "Иргэдийн төсөв-2018"-ыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох албаны хүмүүс танилцуулав. Тэрбээр "Энэ бол зөвхөн ном биш. 2019 оны төсвөөс эхлэн төсвийг боловсруулах, батлах, хяналт тавихад иргэдийн оролцоог бүрэн хэмжээгээр хангах зорилготой. УИХ-аар Төсөв батлахад баахан тоо ярьдаг, төсөв захирагч нарт оногддог тоо, хаана ямар хөрөнгө оруулахыг хэлээд л үндсэндээ дуусдаг. Өөр мэдээлэл байдаггүй. Тэгвэл энэ товхимолоос татвар төлөгчдийн мөнгө юунд зарцуулж байгааг тодорхой харж, танилцаж болно. Тухайлбал, товхимолд хүүхдэд зориулан хэрэгжүүлэх 1.5 их наяд төгрөгийн төсөвтэй 12 бодлогыг бүрэн танилцуулсан байгаа. Төсвийн орлогын 6 төгрөг тутмын 1-ийг үүнд зарцуулдаг. Энэ мэтчилэн энгийн ойлгомжтой хэлбэрээр төсвийг иргэдэд хүргэж байна. Олон улсын төсвийн түншлэлийн байгууллагаас Монгол Улсын төсвийн ил тод байдалд үнэлгээ өгсөн байдаг. Одоогоор дэлхийн 100 орноос 46 дугаарт жагсч байна. Дунджаас хоёр оноогоор дээгүүр явж байна. Гэхдээ бид цаашид татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулах, төсвийг оновчтой зөв зохиоход ард иргэдийн оролцоо их чухал. 2019 оноос энэхүү товхимол Төсвийн хуулийн нэг хэсэг болж хамтдаа батлагдан явах болно" гэлээ. 


 
-ИЛ ТОД БАЙДЛЫГ ЧУХАЛЧИЛСНААР МОНГОЛ УЛС АРДЧИЛЛАА УЛАМ БЭХЖҮҮЛНЭ-

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П. Микаллер "Монгол Улс ад анх удаа танилцуулагдаж байгаа "Иргэдийн төсөв-2018" арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол илүү ил тод, дипломат зарчмыг хэрэгжүүлэхэд Монгол Улс дахин нэг томоохон алхам хийлээ. АНУ-ын Сангийн яамны зөвлөх ноён Жон Бартоны удирдсан багийнханд Монгол Улсын Сангийн яам санхүүгийн ил тод байдлыг хангах, төсвийг иргэдэд илүү ойлгомжтой хэлбэрээр хүргэх хүсэлтэй байгаагаа танилцуулсан. Ингээд АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хэлтэс АНУ-ын Төрийн департаментаас дэмжлэг авч энэхүү товхимлыг Сангийн яамтай хамтран бүтээгээд байна. Төсвийг ил тод болгох нь хамгийн чухал. Сангийн яам Төсвийн зарлагын чиглэлээр маш хариуцлагатай үйл ажиллагаа явуулсан. Энэхүү товхимол нь Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, энэ дагуу нь хариуцлага ярихад ихээхэн ойлгомжтой болгож байна. Энэ үйл хэргийг эхлүүлж ажил хэрэг болгосон Ч.Хүрэлбаатар сайдад баяр хүргэж байна. АНУ-ын Засгийн  газар төр засгийн үйл ажиллагааг ил тод болгохыг шийдвэртэйгээр дэмждэг. 2013 онд бидний байгуулсан хоёр талын Ил тод байдлын хэлэлцээрт тусгаснаар Монгол Улсын аливаа улс төрийн үйл явц, түүний дотор хууль тогтоох болон зохицуулах үйл явцад ил тод байдлыг чухалчлах тал дээр байнга хамтарч ажиллаж ирсэн. Татварын хуульд өөрчлөлт оруулахад иргэдийн дунд олон хэлбэрээр хэлэлцүүлэг явуулсан нь ил тод байдлын үйл явц хэрхэн үр дүнтэй явж байгааг харууллаа. Ил тод байдлыг цаашид чухалчилснаар Монгол Улс ардчиллаа улам бэхжүүлээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулагч, компаниудыг Монголд авчирч чадна" хэмээлээ. 

"Иргэдийн төсөв" товхимол нь үндсэн таван хэсгээс бүрдэх бөгөөд эдийн засаг, санхүү төсвийн талаарх үндсэн ойлголтыг Монгол Улсын 2018 оны төсвийн мэдээллээр жишээ болгон инфографик хэлбэрээр энгийн ойлгомжтой хүргэхээр зорьсон байна. Товхимлыг хэвлэмэл байдлаар авч болохоос гадна цахим хэлбэрээр Сангийн яамны http://www.mof.gov.mn http://www.iltod.gov.mn хуудас болон олон нийтийн сүлжээн дэх Сангийн яамны хаягаас авах боломжтой. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ