Өршөөлөөр суллагдагсдыг бичиг баримтжуулж, сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 09:06:45

Дорнод аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн  Өршөөлийн хуульд хамрагдаж эрх чөлөөтэй болсон иргэдэд зориулж олон төрлийн арга хэмжээ авч байна.

Эдгээр иргэдийн иргэний бичиг баримтыг бүрдүүлэхээс эхлээд ажил хөдөлмөр эрхлэх асуудалд анхаарч судалгаа гарган холбогдох газарт уламжлах орон байргүй иргэнийг орон гэртэй болгох, мэргэжил олгох сургалтад хамруулах гэхчлэн ажлыг хийж эхэлжээ. Саяхан Халамж үйлчилгээний хэлтсийнхэн аймгийнхаа Улаан загалмайн хороо, Сэтгэц наркологийн “Ухаарал” эмнэлэгтэй хамтран хорихоос суллагдсан иргэдийг гэр бүл ойр тойрныхоо хүмүүстэй хэрхэн харилцах сэтгэл зүй, харилцааны чиглэлээр эхний ээлжинд 20 хүнийг сургалтад хамруулж цаашид ээлж дараалан хамруулах ажлыг зохион байгуулж байгаа тухайгаа аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Л.Байгалмаа ярилаа.

Хөрш зэргэлдээ Сүхбаатар аймгийн тухайд 8 хүн Өршөөлийн хуульд хамрагдсан бол Дорнод аймгийн хувьд  хамгийн олон буюу150 хүн хамрагджээ.

 Б.Туяа

Холбоотой мэдээ