Турк “Лалын улс”-аас нефть худалдаж авдгийг нотлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-12-03 09:08:33

МОСКВА. /SANA/. Туркийн эрх баригчид, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон түүний гэр бүл “Лалын улс”-тай хийдэг нефтийн хууль бус худалдаанд оролцдог болохыг Оросын Батлан хамгаалахын сайдын орлогч Анатолий Антонов нотлов.

Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийх үеэр, “Лалын улс”-аас Турк руу нефть зөөж буй зургийг харуулж, Сири дэх террористуудыг санхүүжүүлж буй гол эх үүсвэрийн нэг нь нефтийн худалдаа бөгөөд жилд 2 тэрбум доллар олж, уг мөнгөө хүн элсүүлэх, зэвсэглэхэд зарцуулдаг гэж Антонов хэлсэн байна.

“Лалын улс”-тай хийдэг нефтийн хууль бус худалдаанд Туркийн эрх баригчид, Ерөнхийлөгч Эрдоган болон түүний гэр бүл оролцдог бөгөөд Сири, Иракаас хууль бусаар хил давуулсан нефтийн эцсийн зогсоол нь Турк гэж тэрбээр мэдэгджээ. Сири, Иракаас хууль бусаар хил давуулж буй нефтийг худалдан авагч гол орон нь Турк юм гэж Антонов нэмж хэлэв.

Нефть тээвэрлэдэг гол гурван урсгалыг тодорхойлсон гэж Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай командын дарга Сергей Рудской мэдэгдсэн бөгөөд эдгээр нь Газар дундын тэнгис дэх Туркийн боомт руу чиглэсэн баруун урсгал, Патма нефть боловсруулах үйлдвэр лүү чиглэсэн хойд урсгал, Казри дамжуулах цэгт хүрдэг зүүн урсгалаас бүрдэж байна. Дараа нь худалдан авагч орнууд руу хүргэдэг байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ