Хүүхдийн мөнгө авах багачууд 222 мянгаар нэмэгдлээ

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-05-30 18:18:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Ингэснээр Монгол Улсын нийт хүүхдийн 80 хувийг хамруулахаар болж, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 20 мянган төгрөг авах багачуудын тоо 222 мянгаар нэмэгдэж байна. 

Монгол Улсын Засгийн газраас өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгохоор тогтоол санаачлан УИХ-д өргөн барьсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нийт хүүхдийн 100 хувьд олгох тогтоол өргөн барьсан ч "боломжгүй" хэмээн үзэж төслүүдийг нэгтгэн хэлэлцэж ирсэн юм. Хэдийгээр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгоход 12 орчим тэрбум төгрөг шаардагдана, түүнийг улсын төсвөөс гаргах боломжтой гэж буй ч ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээр" хөтөлбөрийн хүрээнд АХБ, БНСУ, Япон улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрт нийгмийн халамжийн энэхүү мөнгөн тусламжийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохоор тусгасан учир олон улсын гэрээ хэлэлцээр зөрчих нөхцөл үүссэн. Гэхдээ төсвийн орлого нэмэгдсэн учир хүүхдийн мөнгийг 60 хувьд бус 80 хувьд олгохоор Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тохиролцоонд хүрч, санал оруулж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбарласан билээ.  

Чуулган, байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн санал, байр суурь хоёр хуваагдаж, зарим хэсэг нь 100 хувьд олгох ёстой, хүүхдийн алагчилж болохгүй гэж байсан бол нөгөө хэсэг нь олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байв.  

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг эцэслэн баталж, Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгож байсныг шинэчлэн 80 хувьд олгохоор боллоо. Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчилж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрах хүрээг тогтоох болов.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгодог байхад 684 мянган хүүхэд хамрагдаж, 164 тэрбум төгрөг жилд төсөвлөдөг байсан. Харин 80 хувь болгож нэмэгдүүлснээр 222 мянган хүүхэд нэмж хамрагдан, 205 тэрбум төгрөг төсөвлөх болж буй юм. Сангийн яамны зүгээс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн тооцож, он дуустал шаардагдах санхүүжилтийг олгоход бэлэн болсон бөгөөд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдэн баталгаажмагц шилжүүлэх аж. Сангийн яамнаас мөн хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд тогтмол шилжүүлдэг гэдгийг тодотгож байв.

Харин босго оноо шинэчлэх, хүүхдүүдийг нэмж бүртгэх зэрэг хүүхдийн мөнгө гарт очих хүртэлх ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллах юм. Мөн цаашид хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлттэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох талаар судлах үүргийг дээрх тогтоолоор өгөөд байна. 
 
Н.Гантуяа
Холбоотой мэдээ