Олимпиадад түрүүлсэн сурагч Этүгэн их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Идэр суманд “Этүгэн” их сургуулийн нэрэмжит хими, биологийн нэгдсэн зургаадугаар олимпиад амжилттай болж дүнгээ гаргажээ. Олимпиадад Завханы Идэр, Тэлмэн, Их-Уул зэрэг 9 сум, Хөвсгөл аймгийн Мөрөн, Галт сум, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12-р ангийн 120 гаруй сурагч, 20 гаруй багш оролцжээ.
Энэ жилийн олимпиадын багш нарын төрөлд тэргүүн байрыг Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн багш Ц.Чимэдрэгзэн, дэд байрыг мөн Завханы Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн багш П.Гансүх, гуравдугаар байрыг Завханы Сонгино сумын багш С.Роломжав нар эзэлжээ. Олимпиадын тэргүүн байрыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Титэм сургуулийн сурагч Л.Ганцэцэг, дэд байрт Завханы Тосонцэнгэл сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Чимэдцэрэн, гуравдугаарт байрт мөн сургуулийн сурагч Б.Баасансүрэн нар тус тус шалгарсан байна.
Олимпиадад тэргүүн байр эзэлсэн сурагч Этүгэн Их сургуульд хүссэн мэргэжлээрээ нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулсан бол эхний арван байрт шалгарсан сурагчид тус сургуульд 20-50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй болжээ. Энэхүү олимпиад нь сурагчдын хими, биологийн сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгийг сорьж, авьяас чадварыг илрүүлэх, шилдэг сурагчдыг Этүгэн Их сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах зорилготой жил бүр зохиогддог юм.
Б.Мягмарсүрэн