Мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчилж өгөх хүсэлт тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Тэлмэн суманд Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар ажиллаж мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилт, аймгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцаж, заавар зөвлөгөө өгчээ.
Тэрээр Монгол Улсын Засгийн газраас баталсан “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, бодлого, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаас гадна тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр ажилласан байна. Энэ удаад мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Завхан аймгаас хэрэгжүүлж байгаа ажил , аймгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцжээ. 2017-2018 оны өвөл, хаврын улирлыг хохирол багатай давахад Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Завхан аймагт 850 тн өвс үнэгүй, 900 тн тэжээл 50 хувийн хямдралтай үнээр олгосон байна. Мөн Эрдэнэхайрхан сумын ЗДТГ, Хилийн 0277 дугаар ангид тус бүр 35 сая төгрөгийн хантер маркийн автомашин, гамшиг ослын голомтод ажилласан алба хаагчдын томилолт урамшууллын зардалд 61.6 сая төгрөг, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд учирсан хохирлыг арилгахад 183.6 сая төгрөг болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ажилласан тухай мэдээллийг аймгийн Онцгой комиссоос энэ үеэр мэдээлэв. Цаг тухай бүр шаардлагатай тусламж дэмжлэгийг шийдвэрлэж өгсөнд Завхан аймгийн иргэдийн өмнөөс талархаж буйгаа энэ үеэр аймгийн Онцгой комиссоос дуулгав. Цаашид Завхан аймагт мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай 94 сая төгрөг, Тэлмэн, Цагаанхайрхан суманд малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд гарсан зардал 55.6 сая төгрөгийг шийдвэрлүүлэх, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалт бүхий ариутгал, халдваргүйтэл хийх зориулалт бүхий мал эмнэлгийн ДУК автомашиныг шинэчилж өгөх зэрэг санал хүсэлтийг Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амарт уламжилжээ.
Завхан аймаг эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний зардалд 269.7 сая төгрөг, бэлчээрийн ашиглалт, усан хангамжийг сайжруулах зорилгоор гүний худаг гаргахад 75 сая төгрөг, Гамшгаас хамгаалах чиглэлээр аймгийн өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэхэд 100 сая төгрөг, Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжихэд 20 сая төгрөг зэрэг нийт 469.7 сая төгрөг тусган ажиллаж байна. Харин аймгийн Засаг даргын нөөц сангаас нийт 198.8 сая төгрөг зарцуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар Завхан аймаг малын гоц халдварт өвчингүй бүс буюу аймаг хэвээрээ байгаа юм хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн