Путинийг дэлхийн шатрын аварга Каспаров шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-12-03 11:16:31

АНКАРА. /Anadolu/. Оросын Ерөнхийлөгч Владимир Путиныг, тухайлбал, түүний гаргасан Турктай холбоотой шийдвэрийг дэлхийн шатрын алдарт аварга Гарри Каспаров “Twitter”-т шүүмжилжээ.

11 дүгээр сарын 24-нд Туркийн агаарын хилийг зөрчлөө гэж Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагасны дараа, Туркийн жуулчид Орост визгүй зорчихыг хориглож, Турк улсаас хүнс импортлохыг зогсоосон Путиний Засгийн газрын шийдвэрийг Оросын алдартай сөрөг хүчнийг баримтлагч, 52 настай Каспаров шүүмжилсэн байна.

“Туркийн импорт, визгүй аяллыг Путин хаалаа. Түүний эдийн засгийн арга хэмжээ ахиад л дайсныг бус, Оросын жирийн иргэдийг хохироож байна” гэж 11 дүгээр сарын 27-нд тэрбээр “Twitter”-т  жиргэжээ.

“Турк, Египетийг жагсаалтаас хасвал, Оросын дийлэнх иргэдэд гадаад аялал, жуулчлалын зах зээл хаалттай гэсэн үг” гэж Турк руу аялах үйлчилгээг Москва хориглож, Египет рүү үйлдэж байсан нислэгүүдийг түр зогсоосон талаар Каспаров жиргэсэн байна.

Каспаров тэгээд ч зогссонгүй. Сирийн жирийн иргэдийг хөнөөж буй Ерөнхийлөгч Башар Асадыг Путины Засгийн газар дэмжсэн гэж Каспаров үзэв. “Сирийн жирийн иргэдийг хөнөөж, нефтийн худалдаа хийдэг “Лалын улс”-аас бусад сөрөг хүчний бүлэглэлүүдийг устгахад Путин Асадад тусалж байна. Холбоотон уу? Террорист уу?” гэж Каспаров үзэл бодлоо илэрхийлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ