Ургамал сумын сургуулийн барилгын ажил 60 хувьтай явагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Япон улсын "Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Завхан аймгийн Ургамал сумын сургууль болон биеийн тамирын заалны засвар, барилгын ажил 60 гаруй хувьтай явагдаж байна.
Барилга, засварын ажлыг газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр" –ийн 205 сая гаруй /хоёр зуун таван сая, гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин найм/
төгрөгийн санхүүжилтээр “Их найман баганат” ХХК гүйцэтгэн ажиллаж байна. Барилга засварын ажил ирэх долдугаар сард дуусах бөгөөд долдугаар сарын 10-ны өдөр гэхэд гүйцэтгэгч компани захиалагчдад хүлээлгэн өгөх юм байна.
Завханы Ургамал сумын дунд сургууль нь 1976 онд байгуулагдсан. 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр, спорт заалтай. Өнөөдрийн байдлаар 225 суралцагч, 36 багш ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш их засвар огт хийгдээгүй ажээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сургалтын орчин нөхцөл сайжирч, сургалтын амжилтад чухал нөлөө үзүүлэх ажээ. 1996 оноос хойш Япон Улсын "Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан аймагт нийтдээ сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэхүү хөтөлбөр нь Засгийн газрын бус байгууллага, орон нутгийн засаг захиргаа зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжих зорилготой юм байна.
Б.Мягмарсүрэн