УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-06 15:40:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. 

Тус Байнгын хорооны өнгөрсөн сарын 23-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад хуралдаан даргалагчаас хоёр хуулийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсэг гаргаж ажиллуулах чиглэлийг Байнгын хороонд өгсөн юм. Иймээс тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөчрлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Н.Туяа

Холбоотой мэдээ