Өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-06-07 16:44:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагийн дэмжлэгтэйгээр “Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн” нийслэлийн 20 сургуулийн 11-17 насны 8461 хүүхдийг хамруулсан сэтгэл зүйн судалгааны тайлангаа өнөөдөр танилцуулав.
"Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч  С.Баасанбат "Судалгаанд хамарсан нийт хүүхдийн 58,3 хувь нь буюу хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай байна.Манайх шиг хөгжингүй орны хувьд сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай өсвөр үеийнхэн 10 орчим хувийг эзлэх болов уу гэтэл даруй 3 дахин их байгаа нь ирээдүй хойч үеийнхний маань оюун сэтгэлгээнд  аюулын харанга дэлдэж буйг харуулж байна. Энэ нь манай улсын Боловсролын салбар бусад орны бодлогоос хоцрогдсон төдийгүй сэтгэл зүйн үйлчилгээ болон эрүүл мэнд, иргэний боловсролын хичээлийг түлхүү оруулах шаардлагатайг харуулж байна" гэв.
Судалгааны баг сэтгэл зүйн асуудалтай сурагчдын 25 хувьд ганчаарчилсан уулзалт, ярилцлага, нарийвчилсан оншлогоо хийж  зөвлөгөө өгсөн байна. Дээрх хүүхдүүд  гэр бүлээс үүдэлтэй сэтгэл гутрал, зан төлвийн өөрчлөлт, хүчирхийлэл, амиа хорлох эрсдэл, үе тэнгийн дарамт, үерхэл нөхөрлөл, цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт зэргээс үүдэн хямралд өртдөгийг оношилжээ.
Нийт эцэг эх, багш нарт хандаж хүүхдүүддээ өдөрт чанартай 20 минутыг зарцуулах, хүүхдийнхээ юу хүсч мөрөөдөж буйг сонсох, хийсэн зүйлийг нь шударгаар үнэлэх, насанд нь тохирсон шаардлага тавих, өөрийгөө болон бусдыг хайрлан хүндэтгэхийн учрыг ойлгуулах, "Би чадна" гэсэн итгэл үнэмшилтэй болоход нь туслах, сэтгэл хөдлөлөө хянах, цагаа зөв зохистой төлөвлөж сурахад нь анхаарах, амьдрах ухааны чадварт суралцуулахад онцгой анхаарч ажиллахыг Судалгааны баг уриалав.
"Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэнгээс “Сэтгэл зүйн 10C дархлаа” сэдэвт нэг сарын аяныг өрнүүлж, долоо хоног бүрийн пүрэв гаригт 09-18 цагийн  хооронд өсвөр насныханд үнэгүй зөвлөгөө өгч байгаа аж.
Судалгааны ажилд  Английн сэтгэл засалч Роберт Гүүдманаар ахлуулсан судлаачдын багийн боловсруулсан SDQ /Strength and Difficulties Questionnaire/ аргачлалыг хэрэглэжээ. Энэ нь 25 асуултаас бүрддэг бөгөөд сэтгэл зүйн хямрал, зан төлвийн хурцдал, хэт сэтгэлийн хөдөлгөөн, үе тэнгийн дарамт, нийтэч байдал зэрэг үзүүлэлтийг хэмждэг байна. 
О.Болорцэцэг

Холбоотой мэдээ