Андлалын өргөөний шав тавих ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-16 16:29:20
Хэнтий /МОНЦАМЭ/ Эзэн Чингис хааны хүлэг жанжин Боорчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров суманд өнөөдөр Андлалын өргөөний шав тавих ёслол боллоо.
 
Мөн энэ өдөр тус сумын тахилгат хайрхан Дэлгэр-Өлзийтийн овоог тахих ёслол болсон юм. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачлагаар Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл хамтран Дэлгэр- Өлзийт хайрханы энгэрт барих  Андлалын өргөөний шавийг тавьжээ.
 
Уг ёслолд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, Хэнтий нутгаас төрөн гарсан Жонан Ханчин Гэгээнтэн, Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Батбаяр, аймаг, сумын удирдлагууд, ард иргэд өргөнөөр оролцлоо.
 
Энэ жил Батноров сумын 95 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэхүү бүтээн байгуулалт хоёр тэрбум төгрөгийн өртгөөр бүтээгдэхээр улсын төсөвт суужээ.
 
Андлалын өргөө нь нийтдээ 21м өндөртэй, Бөртэ чоно Гуа маралыг билэгдэн хоёр чоно тэнгэр өөд цоройсон дүрслэлтэй, доод хэсэгт нь Батноров сумын өв соёлын музейтэй, дээш шатаар гараад өргөөний магнай хэсэгт хоёр найз анд бололцох тангараг өргөх тавцантай байхаар бүтээх ажээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ