УАӨДЗ аргад суралцаж өртөгөө бууруулж, өгөөжөө нэмэгдүүлье

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2015-12-04 12:22:38

Манай дэлхийн аж үйлдвэрийн эрчимтэй хөгжлийн нөлөө нь аажмаар дэлхийн агаар мандлын температурыг өсгөсний улмаас Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бусад бүс нутгаас илүүтэй дулаарч байгаа нь монголчуудыг энэхүү эргэлт буцалтгүй болсон уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож амьдрах зайлшгүй шаардлага бий боллоо. Монгол оронд сүүлийн 20 гаруй жилд олон зуун гол, горхи, нуур, цөөрөм, булаг, шанд ширгэж, хуурайших болсон нь дулааралтай шууд холбоотой. Иймд, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох /УАӨДЗ/ үйл ажиллагаанд цаг алдалгүй суралцах нь бидний эн тэргүүний зорилт болоод байна. 

НҮБХХ болон БОНХАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төслийн хүрээнд уг төслийн өртөг өгөөж, дүн шинжилгээний судалгааны багийн ахлагч, ХААИС-ийн Хүнсний инжнерчлэл-гидромеханикийн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ш.Баранчулуунтай хийсэн ярилцлагаа толилуулж байна

-Уурын амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох /УАӨДЗ/ төслийн өртөг өгөөжийн шинжилгээ судалгааны ажлынхаа талаар сонирхуулна уу?
-Манай судалгааны баг нь Баруун бүс нутагт Их нууруудын хотгор, Хархираа-Түргэний сав газар, Зүүн бүс нутагт /Дорнод Хэнтий/ Улз голын сав газар гэсэн экосистемийн хоёр өөр ялгаатай бүс нутагт тариалангийн газар ашиглалт, усан хангамжийн аюулгүй байдлыг сайжруулах, экосистемийн үйлчилгээг хадгалахад дэмжлэг үзүүлэх ажлыг хийсэн. Төслийн хүрээнд баруун бүс нутагт усалгаатай газар тариаланд ашиглаж байгаа усны нөөцийг болон өгөөжийг нэмэгдүүлэх, усны алдагдлыг багасгах, хуваарилалтыг зөв хийх талаар судалгааны ажил хийж байна. Харин зүүн бүс нутагт Улз голын эрэг орчмын зурвас газрыг нөхөн сэргээх, тэнд байгаа ургамал, амьтны нөөцийг хамгаалах, ингэж хамгаалснаар байгаль орчинд ямар үр өгөөжтэй гэдгийг судалж тогтоох зорилгоор ажиллаж байгаа. Манай судалгааны баг нийт  7 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ багт ШУА-иас 3 судлаач, МУИС-иас 2 судлаач, МУБИС-иас нэг судлаач, тэгээд миний бие судалгааны багаа ахлаад ажилласан. Одоо манай судалгааны ажил ерөнхийдөө хийгдэж дуусаад тайлангаа бичээд  энэ 12 дугаар сарын эхээр хэлэлцүүлэхэд бэлэн болчихоод байгаа. Энэ судалгааны дүнгээс харахад Баруун бүсийн усалгаатай газар тариалангийн голлох бүс нутагт 2045, 2060, 2080 он хүртлэх хугацаанд тариалангийн усны нөөцийг яавал зүй зохистой ашиглах вэ? Өгөөж нь ямар байвал зохистой, нутгийн ард иргэд, орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд усны өгөөжийн үнэлгээг хийж сурахад зориулсан программ хангамжийг шинээр зохиосон.
-Хаана ямар ямар судалгаанууд хийсэн талаараа тодруулна уу?
-Бид баруун бүс нутагт уламжлалт гадаргын усалгааны арга, сүүлийн үеийн бороожуулах усалгааны арга, хамгийн орчин үеийн дуслын усалгааны арга гуравыг харьцуулан судалж өгөөж нь ямар байна гэдгийг гаргасан.

Эндээс үзэхэд, шинэ технологи болох дуслын усалгааны арга нь хөрөнгө оруулалтын хувьд нөгөө хоёр аргаас 6-8 дахин их байгаа юм. Харин үйлдвэрлэлийн үр өгөөж болон усны хэмнэлт нь дуслын усалгааны арга 3-4 дахин их өгөөжтэй, хэмнэлттэй байгаа. Тэгэхээр цаашдаа Баруун бүс нутагт хүнсний ногооны тариаланд дуслын усалгааг өргөн нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй гэсэн судалгааны дүн гарсан. Бидний өмнө Хархираа-Түргэний голын сав газарт уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлыг судалсан судлаачдын дүгнэлтээр ойрын 50 жилд баруун бүс нутгийн Түргэний болон Дэглий цагааны гадаргын усны үндсэн эх үүсвэр болсон мөнх цаст цэвдэгүүд хайлаад дуусах тийшээ хандана. Үүнээс болж голуудын урсац эрс татарна. Нэгэнт энэ уур амьсгалын дулаарал өөрчлөлт нь биднээс үл хамаарах эргэлт буцалтгүй хүчин зүйл. Тэгэхээр энэ нутгийн иргэд үйлдвэрлэл явуулах усны хэрэгцээгээ өнөөгийн түвшинд байлгаж, яаж зохицож амьдрах арга замыг нь бид судалж тогтоон зөвлөгөө, арга зүйгээр туслах зорилготой. Ойрын 10-15 жилд өнөөгийн усалгааны арга болон тариалангийн технологийг өөрчилж байж, ургацынхаа түвшинг хэвээр нь хадгалж, усаа зүй зохистой ашиглах арга, ажиллагаанд хүмүүсийг дасгаж сургах нь оновчтой гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа.

Зүүн бүсэд бол “Хавтгай цагаан Улз” хэмээн дуунд мөнхөрсөн уудам талын Улз голын урсац сүүлийн жилүүдэд эрс багассан. 1996 оноос хойш 20 жилийн судалгаагаар Улз гол төгсгөл рүүгээ урсахаа больж хэдхэн удаа л төгсгөлдөө хүрч урссан байдаг. Улз гол дагуу 10-аад сумын олон зуун мянган малтай малчин өрхүүд, зарим сум, суурин газрууд, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагууд оршдог. Тэд энэ усны нөөцөө хэрхэн зүй зохистой ашиглах вэ? Тэр тусмаа Улз гол нь Монгол дагуурын тусгай хамгаалалттай дархан цаазат нутаг дундуур урсдаг. Тэндхийн экосистемийг нь яаж хадгалж үлдэх вэ? зэрэг судалгааг манай багийнхан хийсэн. Мөн Улз голын голидрол сүүлийн жилүүдэд маш их шилжилт хөдөлгөөнд орчихсон. Талын элсэрхэг хөрсөн дээгүүр урсдаг голын голидролын шилжилт хөдөлгөөнийг зогсоох ямар боломж байгааг судлаад техникийн болон биологийн бэхэлгээний аргуудыг боловсруулсан.

Мөн манай багийн бас нэг хийсэн ажил бол хүмүүсийг усаа зүй зохистой ашиглаж, хэрэглэдэг арга, ажиллагаанд сургаж дадал, зуршилтай болгохоор тодорхой сургалт явуулж байна. Энэ сургалтуудын үр дүн гарч байгаа. Тухайлбал, Баруун бүсийн Увс аймагт хэд хэдэн Ус хэрэглэгчдийн холбоо /УХХ/ байгуулагдаад амжилттай ажиллаж байна. УХХ байгуулах нь зүйтэй юм гэдгийг нутгийн иргэд болон орон нутгийн захиргаа, удирдах нөхдүүд дэмжиж байгаа. Тэд усны нөөц улам бүр багасч буй энэ үед цаашдаа тулгарах бэрхшээлийг сааруулахад усаа зүй зохистой ашиглах талаар хамтарч, нэгдэж ажиллах нь зүйтэй гэсэн нэгдсэн ойлголттой болж байна.  
-Өртөг, өгөөжийн шинжилгээ судалгааг олон улсын түвшинд хийсэн туршлага байна уу?
-Уур амьсгалын өөрчлөлтийн өртөг, өгөөжийн шинжилгээ судалгааны ажил бол шинэ гэж болно. Ази тивд БНХАУ өөрийн нутагт хийсэн юм билээ. Манайх тивдээ 2 дахь улс нь болж байна. Гаднаас хараад, үзээд, жишээ авах зүйл ховор байсан, тийм учраас НҮБ-аас мэргэжилтэнгүүд ирж, уулзалт хийж арга зүйн туслалцаа үзүүлсэн. Ялангуяа Хятадад хийгдсэн өртөг, өгөөжийн судалгааг голлон хийсэн мэргэжилтэн нь биднийг хэлэлцүүлэг хийж байхад ирж арга зүйн зохих зөвлөгөө өгсөн ийм л шинэлэг ажил юм.
- Судалгааны дүгнэлтээс бодит амьдрал дээр ямар боломжууд гарч байна вэ?
-Манай судалгааны дүнгээр УАӨДЗ үйл ажиллагааны арга шинжийг зайлшгүй эдийн засагтай нь холбох шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засаг гэдгээс татгалзаад, экологийн дасан зохицох эдийн засаг гэдэг шинэ ойлголт улс орнуудад гарч ирсэн. Тиймээс энэ хоёр эдийн засаг юугаараа ялгаатай гэдгийг хүмүүст ойлгуулахад л манай судалгааны зорилт оршиж байгаа юм. Мөн эко эдийн засгийн чиглэлээр хийгдсэн анхны тойм, дүр зургийг гаргасан судалгаа юм. Манай ажлын нэг чухал ач холбогдол нь бидний зохиосон 2 программ байгаа. Программыг энгийн хүмүүс ч авч ашиглаж болохоор өгөгдлүүдээ оруулаад л ажиллах юм. Тухайлбал, тус программ нь газар тариалангийн ийм ийм үйлдвэрлэлийг болон байгаль орчныг хамгаалах талаар тодорхой үйл ажиллагаа явуулахад өртөг өгөөж нь ийм байх юм гэдгийг урьдчилаад төлөвлөөд, бодоод гаргадаг гэдгээрээ онцлогтой.
-Увс аймагт 2015 оны 11 дүгээр сард болсон УХХ-ны зөвлөгөөнөөр нутгийн иргэд УАӨДЗ гэдэг ойлголтын талаар өргөн мэдлэг, мэдээлэлтэй болсон харагдаж байсан. Энэ тухай юу хэлэх вэ?
-Саяхныг болтол хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн мөн чанарыг сайн ойлгохгүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд хүмүүс УАӨ болон дулаарал гэдэг нь эргэлт буцалтгүй болжээ гэдгийг бодит амьдралаас ойлгож, мэдэрч эхэлжээ. Эргэлт буцалтгүй болсон энэ эрсдлийг хэрхэн даван туулах вэ? гэдэг асуудал шинэ зуунд тулгарч байна. Тэгэхээр бид уг эрсдлийг давах 2 л арга байна. Нэгд нь Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож амьдрах арга технологио боловсруулах, хоёр дахь нь нутаг орноосоо нүүж, дайжих бөгөөд энэ нь боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Хүмүүс УАӨДЗ үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгож, зайлшгүй мэргэжлийн хүмүүсийн туслалцаатай хамтын ажиллагаа чухал болохыг мэдэрч, алс хэтийг харах болсон нь энэ төсөл хэрэгжсэн 2 жилийн хугацаанд илэрхий ажиглагдаж том дэвшил гарч байна.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ