Хөрөнгийн зах зээлийн сургалтын танхимыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2018-06-19 11:39:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Хөрөнгийн зах зээлийн сургалтын танхимыг Монголын хөрөнгийн биржэд байгууллаа. 

Тус танхимыг Голомт банк санаачлан тохижуулсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Голомт банкны гүйцэтгэх захирал, Голомт капитал ҮЦК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг нар оролцжээ.

Хөрөнгийн зах зээлийн сургалтын танхимыг нээснээр хоёр байгууллага хамтран хөрөнгийн зах зээлийн төрөлжсөн сургалтуудыг зохион байгуулах аж. Тодруулбал, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хөрөнгийн зах зээлийн судалгаа, анализийг хэрхэн хийх, зөв шийдвэр гаргахад нь туслах бол брокер дилерүүдиийн хувьд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог зэрэгт суралцах юм. Харин компанийн гүйцэтгэх удирдлагуудад хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна амжилттай хөрөнгө оруулалт хийсэн компаниудийн туршлагыг судлах боломжийг олгох юм байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн 2017 онд Монголын хөрөнгийн биржээр нийтдээ 860 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийгдэж түүхэн амжилт тогтоосон бол энэ жил хамгийн олон компани шинээр болон нэмэлт үнэт цаас гаргаж, хөрөнгө оруулалт татсан жил болж байгаа юм байна.
 
Н.Туяа
Холбоотой мэдээ