Бяцхан хүүг зодсон хэрэг 40 гаруй хоногийн дараа илчлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-04 23:47:45

Арван сартай бяцхан хүүг зодсон ноцтой үйлдэл дөч гаруй хоногийн өмнө буюу аравдугаар сарын 19- ны өдөр гарчээ.

Өдий олон хоногийн турш хүүхдийн бие үе үе халуурч, хоол унданд дургүй болж, толгойгоо сэжлэн уйлагнадаг,  хөл, гар нь татаж, цочин сэрдэг,  жингийн алдагдалд орж сульдсан шинж тэмдэг илэрч байсан бөгөөд ээж, аав нь эмчид үзүүлэхэд ханиад хүрч хүндэрсэн гэсэн тул эм уулгадаг байжээ.

Ийм удаан хугацааны дараа ил болж буй эл хэргийн талаар тухайн үед “Оюуны хөгжил” цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан н.Янжинлхам хэлэхдээ, “Цэцэрлэгийн тогооч Ж. Отгонтөгс нэг бус удаа хүүхэд зодож байсан. Хүүхэд зодоод байдгийг нь харсан ч хараагүй юм шиг ингээд дуугүй явж болохгүй гэдэг үүднээс утсан дээрээ бичлэг хийсэн” гэв.

Тэр өдөр эцэг, эх нь хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөхдөө хоолыг нь нэмж өгч байхгүй бол цэцэрлэгээсээ өлсчихсөн ирээд байгаа талаар цэцэрлэгийн эрхлэгчид хэлсэн бөгөөд өдөр хоол идэх үеэр цэцэрлэгийн тогооч  хүүг би өөрөө хооллоно гэж шаралхсан байдлаар хандсан байна. Тэгэхэд нь багш Янжинлхам гар утсаараа бичлэг хийхээр цонхны тавцан дээр байршуулаад өөр өрөөнд юм хийхээр орсон аж. Дэвсгэр дээр бутраасан будааг хүүхдийн аманд хийж байгаа, ид чи, залги, зэвүүн новш вэ гэх зэргээр хүүг толгой, нүүр рүү нь олон удаа алгадаж байгаа харгислал дүрс бичлэгт үлдсэн байна.

Энэ бичлэгийг яагаад өдий олон хоногийн турш хав дарж явсан,  цаг тухайд нь эцэг эхэд нь мэдэгдэж, яаралттай арга хэмжээ авах тал дээр яагаад санаачлага гаргаагүй вэ гэдэг асуултад н.Янжинлхам хэлэхдээ, “ Би тавын таван ам бүл тэжээдэг тул хэрвээ энэ бичлэгийг ил болговол ажлаасаа халагдана гэдгээс болгоомжилсон. Гэхдээ үүнийг би илчлэх ёстой гэдгийг байнга бодож байсан. Цаг хугацаа алдсанд би хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэв. н. Янжинлхамыг цэцэрлэгийн эрхлэгч Ж. Оюунчимэг өнгөрөгч сард ажлаас нь халсан бөгөөд ажлаас халагдсаны дараахан энэхүү бичлэгийг ийнхүү ил болгосон ажээ.

Тогооч Ж.Отгонтөгс ангид нь орж ирээд хүүхдийн толгой нясалдаг байсан, хүүхэд битгий зодоод бай, энэ ангид чи хүүхэд зодохгүй шүү гэж түүнд хэлдэг байсан тухай ч өөр нэг ангийн багш н.Энхтуяа ярьсан юм.

“Оюуны хөгжил” цэцэрлэг хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг. Дөчин хүүхдийн багтаамжтай, улсаас энэ тоогоор хувьсах зардал авч ажилладаг бөгөөд Дундговь аймагт хувийн хэвшлийн анхны цэцэрлэг гэдгээр аймгаас үйл ажиллагааг нь дэмжиж, олон нийт ч талархан хүлээн авч байсан юм. БНСУ-д цэцэрлэгийн багш нарын туршлага судлах аялалд тус цэцэрлэгийн эрхлэгчийг оролцуулж, УИХ-ын гишүүн Б. Наранхүү нэг сая төгрөгийн тоглоом бэлэглэх зэргээр хувийнх гэлтгүй энэ цэцэрлэгийг бусад цэцэрлэгийн адилаар дэмжиж ирсэн бөгөөд ирэх оны төсөвт ч 32 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөнийг Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Д. Дулмаа хэллээ.

Хүүхэд зодсон эмэгтэй цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү бөгөөд цэцэрлэг байгуулагдсан үеэс тогооч, үйлчлэгчээр ажилласан байна. Тэрээр хоёр хүүхэдтэй, ач зээтэй хүн ажээ. Цэцэрлэгийн эрхлэгч Ж. Оюунчимэг хэлэхдээ “Би ганц дүүгийнхээ амьдралд тусалъя гэдэг үүднээс тогоочийн мэргэжлээр сургаж, цэцэрлэгтээ авч ажиллуулсан. Хүүхэд зодсон талаар үнэндээ би мэдээгүй. Манай багш нар хоолны чанарыг сайжруулах хэрэгтэй байна гэдэг асуудлыг л ярьж байсан уу гэхээс хүүхэд зоддог талаар юу ч ярьдаггүй байсан. Цэцэрлэгийн үйл ажиллагааг удирдлагаар хангаж, хяналт тавьж чадаагүй нь миний буруу” гэв.

Цэцэрлэгийн хоёр анги хяналтын камертай бөгөөд камерын бичлэгийг шүүхэд хүүхэд зодсон дүрс олдоогүй. Камерын дүрсийг Цагдаагийн газар дахин шүүж байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ