Соёлын биет бус өвийн их наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-26 16:50:56
 Увс /МОНЦАМЭ/. Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүдийг өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг баяжуулах зорилгоор Соёлын биет бус өвийн их наадмыг Улаангом хотноо өчигдөр зохион байгууллаа. Тус наадамд Увс аймгийн 15 сумын 80 гаруй соёлын биет бус өвийг тээгчид оролцсон юм. Энэ үеэр гар урлалын бүтээлүүд, суран эдлэлүүд, эсгий ширмэлүүд гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдсан юм. Тэс, Хяргас сумдынхан баяд эмээл, морь малд хэрэглэгддэг суран эдлэлээрээ гайхуулж байсан бол Завхан, Зүүнговь сумынхан малын үс ноос ашиглаж хийсэн олс дээс, аргамжаараа онцгойрч байв. Тэрчлэн, Улаангом сумын гар урчууд модны үндэс хожуулыг ухаж сийлсэн гар урлалын бүтээлээ дэлгэн тавьсан юм. Энэ үеэр соёлын биет бус өвийн зүйлүүдийг өвлөн уламжлагчдыг шагнаж урамшууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ